Б.Чогсом: Энэ цагийнхныг гоочилж, өөрийн үеийнхэнтэй харьцуулах нь буруу

ардын зураач чогсом

Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом хэмээх эрхэм хүмүүнтэй хөөрөлдөв. Аливаа ярилцлага, нэвтрүүлгийн эзэд мэргэжил, ажлынхаа онцлогоос шалтгаалаад тухайн чиглэл рүү илүүтэй “хазайж” ярих нь түгээмэл. Харин энэ хүн ямар ч сэвдээр яриа өрнүүлэхэд бүдрэхгүй арвин мэдлэг, мэдээлэл, боловсролтой, бүр гурван хэлээр шүү дээ.

Тэрбээр яриагаа аль “амбасын” буюу дэлхий дээр амьдрал хэрхэн бүрэлдсэнээс эхэлж, нэг эстээс үүссэн хорвоо ямар гайхамшигтай болохыг хэдхэн өгүүлбэрээр тунчиг цэгцтэй, “амттай” тайлбарлав.

Асуултыг минь “үл ойшоон”, гаргийн амьдралын талаар үргэлжлүүлэн хүүрнэх настныг эхлээд жаахан гайхсан ч, ганц эстээс улбаатай хүн гэдэг амьтан мөнхийн “яагаад”-д хөтлөгдөн өнөөдөртэй золгохдоо ямар агуу амжилтад хүрснийг, үүнийг үр хойч маань хэрхэн авч явах учиртайг тайлбарлах “ухуулгыг” нь тасалж зүрхэлсэнгүй.

Палеонтологи, археологи, шим ертөнцийн шинжлэх ухааны түүхийг он цагийн дарааллаар түгдрэхгүй ярих тэрбээр өдгөө 90 настай. Энэ насандаа оюун ухаан нь ийм саруулхан байгаа сайхан буурлуудаараа бахархахаас аргагүй.

Цаг хугацаанаас зооглосныхоо хэрээр хуримтлуулсан туршлага нь ч хур хөрөнгө болсон Б.Чогсом гуай сургамж сургаалаа харамгүй хайрлах юм. Ингэхдээ одоогийн хүүхэд, залуучуудыг ийм, тийм гэж гоочлолгүй цаг үе болон хүний хувьсалтай холбон тун энгийнээр, эергээр, тайлбарлах нь “хөөрхөн”.

Өнөөдөр ч бүтээлээ туурвисаар байгаа өвгөн зураач Б.Чогсом Төрийн шагналт, зураач До.Болдтой хамтран “Урлагийн амьдрал” үзэсгэлэнгээ “Монгол арт” галерейд энэ өдөр 17.00 цагт нээхийг ташрамд дуулгая. 90 насандаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ зохион байгуулсан зураач манайд одоогоор түүнээс өөр алга.

-Энэ удаагийн үзэсгэлэн тань юугаараа онцлог юм бэ?

-Залуу уран бүтээлчид маань “Монгол арт” гэсэн сайхан галерей байгуулжээ. Түүнийгээ өнөөдөр нээхдээ Төрийн шагналт До.Болд бид хоёрын 200 бүтээлийг дэлгэхээрээ онцлог юм болов уу. Үүнээс гадна ирэх Цагаан сараар Монголын уран зургийн галерейд бие даасан үзэс гэлэнг минь зохион байгуулна гэсэн. Тэнд миний гол бүтээлүүд хадгалагддаг юм.

-Таныг долоон “шид” нь бүрэлдсэн хүн гэх юм. Зураач, дипломатч, архитектор, тамирчин гээд хийж чадахгүй, мэдэхгүй зүйл танд байна уу. Францын Ардын зураач хэмээх эрхэм цол хүртсэн Монголын ганц хүн нь Та гэсэн. Энэ түүхээсээ дурсах уу?

-П.Очирбат Төрийн тэргүүн байхдаа Францад айлчилж, Ерөнхийлөгч Жак Ширактай уулзаж, хийсэн гэрээ, хэлэлцээрүүдийн хүрээнд би 1996 онд Парист хөл тавьсан юм. Явах болсон түүхээ эхлээд ярья.

1992 оны эхээр нэг өдөр урланд маань хоёр франц хүн ирээд “Таныг манай улс урьж байна. Та Францад үзэсгэлэнгээ гаргасан хүн. Манай талаас судлаад таныг сонгосон” гэдэг юм. Элдэв юм бодсонгүй зөвшөөрчихлөө. Улсаа төлөөлж явах хүн байна даа, дорвитойхон бүтээл хийх ёстой гээд зусланд, урландаа өөрийгөө “чөдөрлөөд” зураад л байлаа. Явах талаар сураг гарахгүй л байна. Он гарлаа, дахиад нэг жил өнгөрлөө. Ингэж явсаар 1995 он болчихлоо. 

Франц явах сураг тасарлаа гэж бодож суутал нөгөө хоёр франц урланд маань ирэх нь тэр. “Тэнд түр хугацаанд амьдрах байр болон таны цалинг хөөцөлдөж байгаа учраас хугацаа хэрэгтэй” гэх юм. “Юун цалин, байр вэ” гэсэн шүү юм бодоод л өнгөрлөө. Нөгөөх хоёр явснаасаа нэлээд хугацааны дараа дахиад ирлээ шүү. Парист намайг байлгах байрны асуудлаа шийдсэн гэнэ. Одоо цалин хөлсний асуудлаа шийдэхэд л болно гэх.

Тэгэхээр нь би монгол чууд “Үнэг бухын доодхыг харж турж үхнэ” гэж ярьдаг гээд учрыг нь тайлбарлатал нөгөөх хоёр нулимсаа гартал инээж, сүйд болсон. Тэгээд явахдаа “Та Францад заавал очно” гэсэн. Тэгж байтал 1996 намар “үлгэр” үнэн болсон юм.

Жижиг, том нийлсэн 300 гаруй зургаа хүрээлээд авч явах боломжгүй учраас бүгдийг нь хуйлаад тээшинд хийчихлээ. Үзэсгэлэнг минь зохион байгуулахаасаа өмнө миний уран бүтээлийн талаар цомог гаргаад, францчуудад өргөн танилцуулсан юм билээ.

Ингээд Францыг зорилоо. Парисын дарь эхийн сүмээс холгүйхэн, Сиена мөрний эрэг дэх том зочид буудлын хоёрдугаар давхарт хэдэн сар амьдрах болов. Долоо хоногийн дараа үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдээ аваачлаа. Түүнээс хэд хоногийн дараа “Зургуудыг тань өлгөөд, байршуулчихлаа, ирээрэй” гэнэ. Очлоо. Хэдэн зургуудад маань хүрээ хийлгүй, зүгээр л ирмэгээр нь жигдлээд өлгөчихөж. Боловсон газарт хүрээлчих байх гэж бодсон би “Намайг тоолгүй, хайнга хандчихлаа” гээд жаахан гонсойдог байгаа. 

Тэгээд болоогүй үзэсгэлэнгийн нээлтэд 10 гаруй хүн ирж, оргилуун дарс задалж, үг хэлээд л болчихдог юм. Бас л гонсойгоод “За, ингэж байгаа нь их юм” гэж өөрийгөө тайвшруулсан. Удалгүй сарын цалингаа банканд дугаарлаж байгаад авлаа. 2000 франк өгдөг юм даа. Их мөнгө шүү. Парист байх хугацаанд хүссэн музей, үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй үзэх эрх олголоо. Тэр дагуу нь гадаадын уран бүтээлчдийн үзэсгэлэнгүүд үзсэн. Бүх зургуудыг хүрээгүй “нүцгэн” өлгөсөн байсан, минийхтэй адил. Ер нь бол тэгдэг юм байна л даа.

Энэ мэтээр сайхан юм үзэж, олон зураач найз, нөхөдтэй болж, тэдний зуучилсны ачаар зарим бүтээлээ зарж, багагүй мөнгөтэй болж, басхүү жижиг уран бүтээлүүдээ хийж, намартай золгов. Нөгөөх ганган Парисын гудамж, талбайд навчис хийсэж, парисчууд нэг л “со нин” харагдаад ирлээ. Нутгаа, гэрээ санаж байгаа нь тэр.

Б.Чогсом зураач

-Тэр үед ямар бүтээл тань хамгийн их үнэд хүрсэн бэ?

-“Би панзчин биш, уран бүтээлч хүн. Үнэ, мөнгөний тухай ярихгүй. Та хэд маань зохицуулаад л мөнгийг нь өгөөрэй” гээд найз нартаа хэлчихсэн юм.

Түрүүн ярьж байснаа үргэлжлүүлээд, Францын Ардын зураач болсон талаараа товчхон өгүүлье. Надаас хойш монгол уран бүтээлчид маань Францын олон хотод үзэсгэлэнгээ гаргасан. Би тэдэндээ шанг нь татаж өгсөндөө баяртай байдаг. 

Францын зураачид ч Монголд цөөнгүй ирсэн. Парисаас ирснээс хойш нэлээд хугацааны дараа урланд маань Францын Элчин сайд Оливье Манан зочилж, шагнал гардуулсан юм. Энэ талаар сурвалжлагч нар “Б.Чогсом Францын Ардын зураач боллоо” гэж тун шуурхай мэдээллэсэн.

-Та хаана франц хэл эзэмшсэн юм бэ?

-Би Үлгэр жишээ бага сургуульд дөрвөн жил сурч, төгсөөд, зургийн оройн сургуульд элсэхдээ 12 настай байлаа. Тэндээ мөн хугацаанд сурч, 1945 онд төгсөөд байтал Дүрслэх урлагийн дунд сургууль байгуулагдаж, би хоёрдугаар дамжаанд нь шууд элссэн. 1948 онд тус сургуулиа төгсөж, уран зургийн анхны мэргэжилтнүүдийн нэг болсон. Төгсөөд шууд багшилсан. Ингэж байгаад дахин сурч, боловсрохыг хүсэж, 1949 онд их сургуульд орохоор шийдэв. 

Улс маань мэргэжилтэй боловсон хүчнүүдээ бэлтгэж эхэлж байсан үе учраас дээд сургуульд сурахыг хүссэн хүүхдүүдийг маш их дэмждэг байлаа. Тэгээд би тооны ангид элсэхээр шалгалт өглөө. Тоондоо тэнцсэн ч орос хэлнийхэд “нурчихсан”. Багш нар ярьж байгаад “Хүн эмнэлгийн анги нээгдэж байгаа, орох уу” гэхээр нь “Эмч болохгүй. Гэхдээ хүний биеийн анатомийг зураач мэддэг байх ёстой” гэж бодоод зөвшөөрчихсөн. 

Ингэж сурах хугацаандаа манай ангийнхан зургаан удаа задлан шинжилгээнд орж, “хүн өвчсөн” дөө. Сургуулиа онц төгссөн Хашбат бид хоёрыг ГХЯ-ны Чимэд гэдэг хүнтэй уулз гэлээ. Явж байх замдаа “Дотоод явдлын яам, Гадаад хэргийн яам гэдэг. Бид ер нь ямар хэрэг хийчи хээд тийшээ явж байгаа юм бэ” гэж ярьж билээ. Ингээд зорьсон хүнтэйгээ уулзахад “Москвад сургуульд явах уу” гэж асуулаа.

Ямар чиглэлээр сурахаа ч мэдэхгүй байж шууд л “Явна аа” л гэсэн. Тэр жид Монголоос 30 хүүхэд Москваг зорьж, цемент ачсан “ЯаЗ” машины тэвшин дээр сууж байлаа. 1950-1957 онд Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд франц судлалаар долоон жил сурсан. Ингэж франц хэлтэй болсон юм. Би өөрөө хүссэндээ биш, хуваарилсных нь дагуу сурсан юм.

Энд нэг түүх яримаар байна. Юу гэхээр, бид 14 хоног галт тэргээр явж, Москвад хүрсэн. Хүүхэд болгон нутгаасаа нэг шуудай боорцогтой гарсан юм. Замдаа зогсох тоолонд бид түмэн амьтанд боорцгоо тараагаад дууссан. Эх орны дайны дараа оросуудын амьдрал тийм л хэцүү, галт тэрэгний үйлчлэгч нар тэднийг хөөж, тууж, төвөгшөөдөггүй байсан. Москвад очоод удаагүй байхад Октябрийн баяр тохиолоо. Хичээл тараад дотуур байрандаа иртэл орос оюутнууд маань энгэр дүүрэн одон, медаль зүүчихэж.

Дайнд тулалдаж явсан цэргүүдээ урилгаар сургаж байсныг тэгэхэд мэдсэн. Бүр ЗХУ-ын баатар хүртэл тэдний дунд байж билээ. Олон улсын харилцааны сургууль төгсөж, Монголдоо ирээд Гадаад хэргийн яаманд хэсэг хугацаанд ажиллаж байхдаа би уран бүтээл хийхийг маш их хүсдэг байсан. Тэгээд учир байдлаа хэлээд, өргөдлөө гаргаж, Монголын урчуудын эвлэлийн хороонд ажиллах болсон. Тэнд эхлээд гадаад харилцааг нь хариуцахын зэрэгцээ “Матар” сэтгүүлд зураг зурдаг байлаа. Дараа нь зураачаар ажиллах болсон юм.

-Та олон сургуульд сурч, төгсөөд үр өгөөжийг нь амсжээ. Энэ бол тухайн хүний сурах эрмэлзэлтэй холбоотой болов уу. Гэхдээ сүүлийн үеийн хүүхэд, залуучууд аливааг сурч, мэдэх тэмүүлэлгүй болсон гэж настайчууд шүүмжилдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Энэ бол цаг үе болон нийгэм, хүний хөгжлийн ялгаа. 1900 оноос хойших түүхийг 10, 20, 30, 40 жилээр үечлэн авч үзье. Дор бүрнээ л өөрийн хөгжлийн түүхтэй цаг үеүд. Дор бүрнээ л өөр замнал, хөгжил, дэвшилтэй хүн төрөлхтний тухай түүх үлдсэн байгаа. Хэдийгээр бүгд төрөхөөс үхэх хооронд үржсэн нь үнэн ч дор бүрнээ онцлогтой тэр нэгэн үеийн, аль нэг улсын хөгжлийн үйл явцын гэрч болсон. 

Үүнтэй адил тухайн нийгэмд төрсөн хүн тэр үеийнхээ л онцлог болон хөгжил, нийтийг дагаж, өсөж, торниж, төлөвшинө. Өнөөдөр төрсөн хүүхэд энэ л нийгмээ дагана. Хэрэв би энэ үед төрсөн бол 1929 онд мэндэлсэн хүн шиг байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ үеийнхэн хачин, ийм, тийм болсон гэж өөрийн цаг үеийнхэнтэй харьцуулах нь буруу гэж боддог. Үе үеийн хүмүүсийн ялгаа ердөө л энэ. Өөр шалтгаан огт байхгүй.

Цаг хугацаа нисдэг юм байна. Нэг мэдэхэд л нас минь 90 хүрчихжээ. Өнгөрсөн хугацаанд хэдэн зуун оюутан, багштай ажиллаж, монгол орноо таньж, гадаадад сурч, аялж, өчнөөн зүйл л үзлээ, хэчнээн ном уншиж, хэдэн бийр элээснийг бүү мэд. Өнгөрсөн үеэ би агуу сайхан гэж бод дог. Хэзээ ч тийм, ийм байсан гэж гомддоггүй.

Ингээд явж байтал 1990-ээд оны эхээр социалист нийгмийг өөрчлөх эргэлт болсон. Би итгэсэн, ирээдүйд илүү сайхан болно гэж. Гэтэл өнөөдөр ямар байна вэ. Би феодализмын төгсгөл, Ардын хувьсгал, дэлхийн II дайн, цаашлаад их бүтээн байгуулалтын үе гээд бүгдийг биеэр үзэж, туулсан хүн. Хүн төрөлхтний түүхийг үзэхэд, ямар ч нийгмийн үед сайн, муу хослон байсан, тэр дундаа эерэг нь давуу. Хэрэв тэгээгүй бол өнөөдөр амьдрал үргэлжлэх байсан уу.

Харин сүүлийн 30 жил бид яаж ялзрав, яаж ахив. Иргэд мэдээлэлгүй байгааг далимдуулан ягаан, цэнхэр тасалбар гэдэг зүйлийг хэдхэн хүн хувааж авснаар ямар байдал үүссэнийг бид одоо харж байна. Нийгмийн тогтолцооны хувьд өнөөдрийнх шиг муу үе манай түүхэнд байсангүй. Энэ бол Монгол муудаа биш юм шүү. Хэдхэн хүний завхрал олон түмний амьдралыг завааруулж байна. 

Гэхдээ саарын хажуугаар шинжлэх ухааны дэвшил, эрдэмтдийн ур ухааны ачаар сайн нь давамгайлж байгаа учраас бид бас сайхныг амсаж байгаа. Энэ бол жирийн иргэний л бодол шүү. Түүнээс биш би улс төрийн тухай ярих дургүй. Харин урлагийн тухай бол өчнөөн ярьж чадна. Тэр агуу зүйлийн үр шимийг би хангалттай хүртэж, нүд тайлж, соёлжиж, боловсорсон.

-Улаанбаатарт онцлоод магтчих архитектуртай барилга, байгууламж алга гэдэг. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ тухай би үечлэн ярина. Намайг залуу байхад энэ хот эсгий гэрүүдтэйгээ л байсан. Дэлхийн II дайны дараа 25 жилийн төлөвлөгөө боловсруулж, Б.Чимэд гэдэг архитекторын буянаар Улаанбаатарын төв хэсэг өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон. Ингэж явсаар үндэстний мэргэжилтнүүдтэй болж, хот маань улам цэцэглэсэн. Ардчилсан хувьсгалын үед хотын удирдлагын заасан газарт шинжлэх ухааны үндэслэлгүйгээр дураараа барилга барьсаар ямар ч төлөвлөлтгүй, замбараагүй газар болгочихсон. 

Өөрөөр хэлбэл, нийслэлийн амьдрал сөнөсөн. Хотын өнгө төрхөд нэмэртэй Ленин, Сталин нарын том баримлуудыг үзэл суртлын үүднээс буулгасныг би буруушуудаг. Үнэндээ түүхээ мэдэхгүй, соёлгүй хүмүүсийн хийсэн ажил. Тархи нь ажилладаггүй хүн нийгмийн толгойд гарахаар ийм хортой.

-Зураачийг сургуулиар бэлтгэдэггүй. Зурах авьяас төрөлхийнх гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Төрдөг гэдэгтэй санал нийлнэ. Би ч төрмөл авьяастай хүн, уучлаарай, хэтэрхий даруу биш загначихлаа. Бага наснаасаа л би элдвийг оролдож, хийдэг байсан. Өвөө маань Тумбааш бурхнаа жилд ганц л удаа гаргадаг байлаа. Жигтэйхэн гоё, яг л амьд мэт харагд даг. Тэр үед л би ингэж зурдаг болох сон гэж боддог байлаа. Миний аав Говь-Алтай аймгийн Тайшир сумын сургуулийг байгуулалцсан, хожим Тээврийн яамны орлогч сайд байсан, на дад маш их соёл заасан хүн дээ.

-Улаанбаатар хотод газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдсэн талаар сүүлийн үед өргөн хүрээнд ярьж, анхаарах болсон. Гэтэл Та энэ талаар олон жилийн өмнөөс ярьж, сануулж байсан гэв үү?

-1958 онд Баянхонгор, Говь-Алтай аймгийн заагт газар хагарч, ГЯЯ-ны байшин хоёр хуваагдаж байсныг би нүдээр үзсэн. Шинжлэх ухааны хөгжлийн явцад эрдэмтэд ийм нэг нээлт хийсэн байдаг. Каспийн тэнгисээс Курилийн арал хүртэл газар хөдлөлийн зурвас байгаа нь Улаанбаатарыг дайрдаг. Энэ талаар бичиж, тэмдэглэсэн гадаадын ном, судар олон бий. 

Харин манай цөөхөн эрдэмтнээс бусад нь мэддэггүй, бас тоодоггүй, хайхардаггүй байсан. Би энэ тухай лекц уншиж, номдоо оруулсан. 1940 онд нийслэлийн төдийгүй Монголын хэмжээнд анхны өндөр байшин босгосон нь нэгдүгээр сургуулийн байр. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд шинжилж, судалсны үндсэнд тулгуурлан, Улаанбаатарт дөрвөөс олон давхар барилга барихыг хориглосон тогтоол гаргасан байдаг. Энэ тухай ч би 2016 онд нэг сонинд нийтэлсэн. 1973-1981 онд би МУИС-д архитектурын хичээл заасан. Тэр үед орос багш нар оюутнуудад хот тохижилтын талаарх судалгаа, төсөл хийх даалгавар өглөө. 

Зарим оюутан Долоон буудалд барилга барих төсөл бичээд ирсэн. Тэгтэл “Тэр хавьд цэвдэгтэй. Хойд туйлын цэвдгийн хормой Долоон буудал, Засгийн газрын ордон, Пионерын ордноор дайрдаг учраас тэнд барилга барьж болохгүй” гэж байсан юм. Тэр үедээ би сонсоод л өнгөрсөн ч дараа нь сонирхоод, судалж, уншиж, мэдээлэл цуглуулсан. Хойд туйлын цэвдгийн хормой Улаанбаатарын хойд хэсгээр дайраад, Чех улсад хүрдэг юм байна.Энэ талаар би нэг хурлын үеэр ярьсан ч сонирхох хүн бараг байгаагүй. Дарга нар бол бүр ойшоогоогүй.

-Та археологийн малтлагад оролцож байсан гэдэг. Ер нь их “саваагүй” сониуч хүн юм аа даа?

-Д.Наваан нарын археологич, түүхчидтэй нөхөрлөж, хамтдаа малтлага хийж явлаа. Би буган хөшөө, хадны зургуудыг кальканд буулгаснаас гадна малтлагын үеийн ерөнхий зураачаар ажиллаж байсан.

Б.Чогсом гуай амьдралынхаа 63 жилийг эхнэртэйгээ хамт туулсан байна. гялалзсан нүдтэй, чанга, цээл хоолойтой, наснаасаа хамаагүй залуу, сайхан харагдах Д.Бадам гуай эмзүйч мэргэжилтэй. Монгол уламжлалт эм, тан хийх ухаанд суралцаж, “ид шидийг” нь үзэж, ээжийгээ аюулт өвчнөөс аварсан ачлалт охин гэсэн. 

Эх баригч, бага эмчийн ангийн оюутан болсныхоо дараа уусмал доторх “хүн” хараад айсандаа сургуулиасаа гарахаар шийдэж, эцэст нь эм найруулагчийн анги руу шилжиж “хөглөснөө” тэрбээр хуучиллаа.

Оворгүй байгаагаа зөв бодол, сэтгэлийн амар амгалан, тэвчээр, хатуужилтай холбон тайлбарласан тэрбээр “Зовлонгүй амьдрал гэж хаана байх вэ. Буруу, зөвгүй хүүхэд гэж юу байх билээ. Юм болгоныг “тоож” зовлон гэж бодох хэрэггүй. Манай өвгөн ингэж хэлдэг юм” хэмээн ханиа магтав.

Гэр бүлийн хоёрт ганц асуулт тавилаа.

Үг дүү цөөнтэй өхөөрдөм Бадамын дүрийг нөхөр нь уран зурагт ийнхүү мөнхөлжээ. Өнөөдөр Бадам гуайн төрх сайхан хэвээр

-Ханьтайгаа танилцахад ямар бүсгүй байсан бол. 63 жилийн хугацаанд энэ хүн хэр өөрчлөгдөв?

-Дуу цөөтэй хүн байсан юм. Одоо харин их л яриа болсон доо (инээв).

-Тэгвэл Чогсом гэдэг залууг Та өнөөдрийг хүртэл хэрхэн “өөрчилж, хэн” болгочихов?

-Энэ маань янзын гоё залуу байлаа. Уулыг цас, эрийг нас дардаг хойно...

-Б.Ч: -Яах вэ дээ, шүдгүй өвгөн нь л болсон байна.

Ингэж яриад тэд бөөн инээдэм болов. “Элдэв-Очир” театрт кино үзэж яваад учирсан хоёр 63 жилийн турш бие биедээ уусахдаа амьдрал хэмээх “эрдэмд” хамтдаа шамдан, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх, эрүүл, аз жаргалтай байхын төлөө гэр бүлээрээ “байлдсаар” ирсэн гэнэ. Энэ бол амьдралын хувьсал, дэвшил гэдгийг өвгөн зураач онцлов. Эгэл бөөмс мөнхийн хөдөлгөөнд байдаг шиг хүн эрүүл байхын төлөө үргэлж хичээж, спортоор хичээллэж, архи, тамхинаас хол байхыг тэрбээр захилаа.

Б.Чогсом гуайнх хоёр хүү, гурван охинтой. Тэд салаалж, мөчирлөсөөр том мод болон ургажээ. Цаашид улам саглайж, өчнөөн найлзуур, үр жимстэй болох нь ойлгомжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)