Санхүүгийн зохицуулах хорооноос “Aurum foundation” нэртэй платформоор дамжуулан хөрөнгө оруулалт татаж байгаа нь санхүүгийн луйврын шинжтэй үйлдэл байх магадлалтайг мэдээллээ. Тодруулбал, иргэд, залуусыг хиймэл оюунд суурилсан aurum.foundation гэсэн платформоор виртуал хөрөнгийн арилжаа хийн, хөрөнгө оруулж сард 10-17.5 хувийн өгөөж хүртэхийг санал болгож байгаа аж. Түүнчлэн уг хаягийн тусламжтайгаар цахим банкны үйлчилгээ авахын зэрэгцээ олон шатлалт маркетингийн даалгавар биелүүлж, хөрөнгөө өсгөх боломжтой хэмээн сурталчилж, иргэдээс мөнгө төвлөрүүлж байгаа нь санхүүгийн пирамидын шинжтэй, хууль бус үйлдэл байж болзошгүйг дээрх хорооноос анхаарууллаа. Тиймээс иргэд болгоомжтой байж дээрх платформыг ашиглахгүй, цахим банктайгаа холбохгүй, хөрөнгө оруулахгүй байхыг сануулав.
С.Цэрэн