Монголд хэн сайхан амьдарч байна вэ. Дарга нар л сайхан амьдарч байна. Монголд хэн илүү их боломж эдэлж байна вэ. Дарга нар л боломж бололцоог тултал эдэлж байна. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж буй иргэд, мөнчгөрөөрөө ажил, бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд аятай таатай амьдрах нөхцөл улам бүр хумигдах болсныг хааяагүй хөндөх, ярих болж. Таны эргэн тойронд ч гомдол цөхрөл, эмзэглэл шогшролын шинжтэй ийм яриа хаа сайгүй дуулдаж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Татварын хахир хатуу бодлого, хөдөлмөрийн дорой үнэлэмж, үнийн өсөлт, эрүүл мэнд, боловсролын хүртээмж, эрүүл, аюулгүй орчны үзүүлэлт гээд амьдралын чанарт шууд нөлөөлдөг олон хүчин зүйл монголчуудыг туйлдуулж, ирээдүйдээ итгэх итгэл үнэмшлийг нь бөхөөн, боломж л олдвол гадаад руу явахад бэлэн хэдэн мянган хүний цуваа үүсгээд байна. Олон улсын байгууллагуудын судалгаа, статистик мэдээлэлд тулгуурлан гаргадаг “Brain drain” буюу оюуны дайжилт, боловсон хүчний шилжилтийн индекс ч үүнийг тов тодорхой харуулсаар буй. Харин манай улсад хэсэг бусаг хүн хэн бүхнээс илүү жаргалтай, боломж бололцоотой, дийлэнх монголчуудын туулж, мэдэрч буй асуудал бэрхшээлээс ангид амьдарч байгаа нь данхар төрийн хүчинд бий болсон дарга ангийнхан юм.
Ерөөс манай улс дарга нарт л ээлтэй, тэдний үр хүүхэд, үе удмыг тэжээн тэтгэж, харж үзэхэд зориулсан “энэрэнгүй” нь дэндсэн, шударга бус нийгмийг бий болгожээ, энэ цаг үед. Тэд өөрсдөдөө зориулж ийм системийг бат бөх гэгч нь угсарсан гэж хэлж ч болно. Харин энэ системийг ашиглан хөгжигч, мөлжигчдийн арми жилээс жилд өргөжихийн хэрээр монголчуудын нуруун дээрх ачаа, дарамт улам нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар уруудан доройтсоор байгаа нь хамгийн гачлантай. Мөн дарга ангийг шүтэх, тэдний эгнээнд яаж ийгээд элсэх, нам, төрийн алба бараадан ажил, амьдралынхаа замыг дөтлөх гэсэн туйлын зорилготой залуус олширсон нь дэндүү харамсалтай.
Хариуцлага, хяналтын тогтолцоо сул, тэгш бус байдлын ангал гүнзгийрсэн Монголд дарга нар ямар давуу боломж эдэлж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлдгийг хэдхэн жишээгээр тодруулъя.
Төсвийн мөнгөөр гадаадад зугаалдаг. Аймаг, сумын удирдлага, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчдөөс эхлээд яам, тамгын газар, агентлагийн дарга, сайд нар олон улсын хурал, арга хэмжээнд оролцох нэрийдлээр гадаадад зугаалдаг явдал түгээмэл. Мэдээж туурга тусгаар улсын хувьд олон улсын томоохон арга хэмжээнд удирдах түвшний хүмүүсээ оролцуулж, байр сууриа илэрхийлэн, шинэ тутам гаргаж буй бодлого, шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцох нь зүйн хэрэг. Харин манай дарга нар энэ боломжийг урвуулан ашиглахдаа гаргуун сайн. Гэр бүл, ойр дотнынхон болон шаардлагагүй хүмүүсийг хүртэл багтаа “элсүүлэн” авч явж, албан томилолтыг амралт зугаалга болгож хувиргадаг. Тэр бүгдийнхээ зардал мөнгийг төсвөөс гаргуулдаг. Ингэхдээ мөрөөрөө зүгээр ч явахгүй элдэв хэл аманд орооцолдож, эх орныхоо нэрийг муугаар цоллуулдаг нь ч цөөнгүй. БНСУ-д албан томилолтоор явахдаа онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, мөн тус улсын Чэжү аралд соёлын солилцооны үйл ажиллагаанд оролцохоор очоод бэлгийн хүчирхийллийн хэргээр Цагдаагийн газарт нь саатуулагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Л.Мөнхбат гээд дарга нарын паян өчнөөн. Мөн бусдын боломжийг булаан, өмнүүр нь дайран гадаадад зугаалдаг “өлөн” дарга нар ч бий. Үүний хамгийн сүүлийн жишээ нь “Парис-2024” зуны XXXIII олимпын наадмын тусгай мандат өвөрлөн, гэр бүл, ойр дотнынхоо хүмүүсийн хамт Францад зугаалсан дарга нар болов. Үүнтэй холбоотойгоор нийгэмд үүссэн шуугианыг намжаах зорилгоор холбогдох байгууллагуудаас тамга тэмдэгтэй элдэв бичиг цаас үзүүлэн тайлбар тавьж байгаа ч олимпын хороо болон спорт холбоодын дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Биеийн тамир, спортын улсын хорооны хэлтсийн дарга, ахлах мэргэжилтний албан тушаалтай цөөнгүй хүн штабт ажиллах албан хаагчдын дунд нэрээ хавчуулан Парисыг зорьсон нь ил болоод буй. “Мишээл-Амазонка”-гийн үнэтэй дээл, зарим дасгалжуулагч, сэтгэл зүйчдэд ч олддоггүй тусгай эрхийн мандатыг гангараа болгосон баячууд спортын их наадмын эргэн тойронд хэрхэн тарвалзсаныг бид нийгмийн сүлжээний ачаар энэ өдрүүдэд хангалттай харсан шүү дээ. Монгол дарга нарын гар, хөл хүрээгүй, ашиг сонирхлоос ангид салбар нэгээхэн ч үлдээгүй гэдгийг энэ явдал гэрчлэв.
Түүнчлэн сүүлийн үед дарга нар туршлага судлах нэрийдлээр гадаад руу явдаг жишиг тогтоолоо. Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах туршлага судална л гэнэ. Боловсролын систем, байгаль хамгааллын жишгийг нь биеэр үзэж, бодитоор харна л гэх. Гэвч тэр хэрээр өөрчлөлт, дэвшил гарсан зүйл үгүй. “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатар гэхэд түгжрэлийг бууруулах шийдэл, нийтийн тээврийн шинэчлэлийн туршлага судлах нэрийдлээр баахан хүнийг гадаадад зугаалуулсан тохиолдол бий.
Давуу эрхтэйгээр зээл, тусламж авдаг. “Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлүүдээ дэмжье, тэдэнд ээлтэй бодлого, тогтолцоо бий болгоё гэж амныуншлагамэтдавтсаарирсэнчбодитоор юу ч хийхгүй байна. Хууль, эрх зүйн орчны тогтворгүй байдлаараа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, татвар, төлбөр хураамжийн хатуу бодлогоороо дотоодын бизнес эрхлэгч, хувийн хэвшлүүдээ боомилох болов. Монголд улс төрчдийн компани, тэдэнтэй халаас нэгтэй хүмүүс л амжилттай байгаа. Улс төр, эрх мэдэлтнүүдтэй ямар нэгэн холбоогүй, хууль тогтоомжийн хүрээнд бор зүрхээрээ явж байгаа бизнесүүд бүгд хүний нөөцийн дутагдалтай, татвар, зээлийн өртэй, өдөр хоногийг аргацаасан байдалтай яваа. Төр засгаас инновац, старт-ап компаниудыг дэмжинэ гэж байгаа ч өсөн дээшлэх бүх боломжийг нь хаадаг”. Өнгөрсөн сард болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр нэгэн залуу бизнесмен ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. Монголд улс төрчдийн компани, тэдэнтэй халаас нэгтэй хүмүүс л амжилттай яваа гэдэг нь маргаангүй үнэн. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Тариалан эрхлэлтийг дэмжих (одоогийнхоор Хөдөө аж ахуйг дэмжих) зэрэг Засгийн газрын тусгай сангууд болон Хөгжлийн банкны хөрөнгийг улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий хүмүүс хайр найргүй цөлмөсөн нь баримттайгаар ил болоод буй. Өөрөөр хэлбэл, дарга нар эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан, төрөөс олгож буй боломжийг бизнес эрхлэгчдээс булаадаг гэсэн үг. Зээл, тусламж хүрэх ёстой эздэдээ очих замыг нь тэд хаадаг. Гэвч зээлийн эргэн төлөлт, зарцуулалтад тавих хяналт зэргийг нь үнэлэхээр “төсвийн мөнгө уйлдаггүй” гэсэн үрэлгэн, хариуцлагагүй байдал л харагддаг юм. Ерөөс Засгийн газар, парламентын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүсийн дунд аль нэг салбарт бизнес эрхэлдэггүй, ямар нэгэн компанийн хувь эзэмшдэггүй, гэр бүл, ойр дотнын хамаарал бүхий хүмүүс нь бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй хүн өдрийн од шиг ховор билээ.
Хүүхдүүд нь улсын мөнгөөр сурч, төрд үе залгамжлан ажилладаг. Их, дээд сургуульд элсэн суралцах шалгуур, болзол хангасан иргэдийг улс, аймаг, орон нутгийн захиалгын үндсэн дээр зээлээр сургаж, дээд боловсрол эзэмшүүлэх болсон үеэс буюу Шинжлэх ухаан, боловсролын яамны дэргэд Сургалтын төрийн сан байгуулсан 1993 оноос манай улсад ийм жишиг тогтсон. Тухайн үеийн Сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжаар гадаадад боловсрол эзэмшсэн сайд, дарга нар гадаадын аль төлбөр өндөртэй, нэр хүндтэй сургуулиудад хүүхдүүдээ улсын мөнгөөр сургахын тулд өнөөгийн Боловсролын зээлийн санг цөлмөж хоосолсон нь өнгөрсөн жилүүдэд баримттайгаар ил болсон билээ. УИХ-ын дарга асан Г.Занданшатар, БСШУ-ы сайд асан, одоогийн АН-ын дарга, Тэргүүн шадарсайд Лу.Гантөмөр, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Даваасүрэн гээд дурдвал үр хүүхдээ улсын мөнгөөр эрхлүүлж, гадаадад тарвалзуулсан дарга олон. УИХ-ын Төсвийн байнгын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн эрхэм Англид сурдаг хүүхдийнхээ их сургуулийн төдийгүй коллежийн төлбөр, ханшийн зөрүү мөнгө зэргийг дээрх сангаас гаргуулж авсан тохиолдол ч буй. Дарга нарын хүүхдүүд ийм л онцгой эрх эдэлж ирэв. Уг нь зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж олгоход харгалзах болзол, шалгуур гэж бий. Гэвч эрх мэдэл, албан тушаалаараа түрээ барьсан дарга нарын хүүхдэд энэ бүхэн үйлчилдэггүй. Харин ч тэднийг сургуулиа төгсөж ирэхэд нь төрийн албанд ажлын байраар шагнадаг. Юун мерит зарчим, чадамжид суурилсан шударга томилгоо. Ингэж “ногоон гэрэл”-ээр өндөр албан тушаал, илүү их боломжид очсон залуус үеийнхэндээ хорвоо дэлхийг өөрөөр харах, өөрийгөө таних, зорилго, хүсэл мөрөөдөлтэй амьдрах сургаал, номлол айлдаж суудаг нь юутай даажигналтай.
Нутагтаа өндөр төсөв хуваарилж, харж үздэг. Тэд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан нутагтаа их хэмжээний төсөв хуваарилуулдаг. Бараг энэ үзүүлэлтээр хоорондоо өрсөлддөг гэхэд хилсдэхгүй. Нэгэн эдийн засагчийн хэлсэнчлэн төсвийн хуваарилалт, зарцуулалт монгол хүн бүрийн амьдралд нөлөөтэй учраас тэр хэрээр ухаалаг, шударга, оновчтой байх ёстой. Харин манай дарга нарт үүнээс илүү бусдад нэр нөлөөтэй, ажил хийсэн болж харагдах нь л чухал. Өнгөрсөн жилүүдэд гэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг болох Хэнтий аймагт бусдаас илт давуу хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж ирсэн. Өнөө жил гэхэд орон нутагт нийт 5.73 их наяд төгрөгийн төсөв хуваарилсны 20 орчим хувь буюу 1.14 их наядыг нь Хэнтийд “тавьсан” байх жишээний. Энэ нь аймгуудын дунджаас гурав дахин өндөр дүн юм. Гэвч энэ хэрээр тухайн бүс нутаг хөгжиж дэвшсэн үү гэвэл үр дүн нь хангалтгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр чанаргүй бүтээн байгуулалтын тоо, үрэлгэн зардлын хэмжээ л өссөн. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт хэчнээн хөшөө дурсгал, аялал жуулчлалын цогцолбор байгуулчхав аа.
Өөрсдийгөө бөөцийлөх нөхцөл бүрдүүлдэг. Тэд өөрсдийгөө хамгаалах, бөөцийлөх арга замыг цаг үргэлж эрэлхийлж байдаг гэлтэй, байсхийгээд л өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж бий болгодог. Хамгийн сүүлд гэхэд парламентын гишүүд УИХ-ын тухай хуулийн 41.13.4-т “Гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах...” гэсэн заалт нэмэлтээр оруулаад буй. Ингэснээр тэд татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад зугаалаад зогсохгүй эмчлүүлж, сувилуулах боломжийг өөрсдөдөө бий болгов. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэр, гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлага зэргийг эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс яаж л бол яаж гаргуулж, бий болгож дөнгөх тул эл зохицуулалт тэдэнд олон талаар давуу боломж олгох юм. Агаар, орчны бохирдол, түгжрэл зэрэг түмэн асуудлаас зугтахдаа өөрсдөө хотын төвөөс хол суурьшсан, үр хүүхдүүдээ гадаадад төвхнүүлчихсэн дарга нар утааны голомтот бүсэд ажиллах “хэрэгцээ шаардлагад” арга буюу дийлдсэн тул өөрсдийгөө ийнхүү хаа нэг эрхлүүлж, бөөцийлөхөөр шийдсэн бололтой дог оо. Иргэдийн хувьд гадаадад улсын мөнгөөр эмчлүүлэх нь байтугай эмнэлгийн тусламж, үйлчилгээг ч эх орондоо цаг алдалгүй, чанартай авч чаддаггүй шүү дээ.
Бэлтгэсэн Н.Мишээл