Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Би өнөөдөр Монгол төрийн хатиг, хавдар, түгжлүүдийг албан ёсоор баримттай зарлана. Би Монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй.
Монголын төрийг маш их хагалан бутаргаж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл, хатиг хавдар болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлая. А.Ариунзаяа гишүүний зөвлөх нь Батцэцэг гэж бүсгүй бий. Намайг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхад Батцэцэг гэх бүсгүйг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан. Намайг ажлаа өгсний дараа яамныхантайгаа өс зангидсан. Үндсэндээ Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа болсон. Хаа яваа газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү гэж явдаг. Энэ баримт нотолгоотой эксэл файл юм байна гэдгийг албан ёсоор олон нийтэд задалсан хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн юм.
УИХ дээр зөвхөн 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Өнгөрсөн таван сарын хугацаанд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөртэй холбоотой бичиг баримтуудыг батлуулахын тулд маш олон файл бэлтгэгддэг. Улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тендерийн тухай хуулиар худалдан авалтыг зохицуулдаг. Улсын төсөв батлагдаагүй байхад зарим хувийн сургуульд санхүүжилт олгох гэж байна гэх увайгүй үйлдлээ зогсоо гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна" гэх мэдээллийг өглөө.