Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ сарын 23нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. Засгийн газраас “Оюу толгой” төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг долоон жил тутам хянах эрхийн хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, Монголын талын хүртэх ногдол ашгийг 2027 оны төсвийн жилд авч эхлэх, мөн Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Энэ арга хэмжээний үр дүнд тус төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож, уг орлогын хоёр их наяд төгрөгөөр нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, үлдсэн хувийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам, тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг боловсруулан УИХд өргөн барьсан.
Тэгвэл “Оюу толгой” төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулах талаар иргэдээс “ИМонголиа”гаар дамжуулан санал асуулга авсан билээ. Үүнд 95 621 хүн оролцож, 55 173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцын дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24 479 иргэн хуримтлалын сандаа хадгална гэсэн байна. Иргэдийн ирүүлсэн эл саналыг харгалзан үзэж, УИХын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ.