Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын тоо 2030 он хүртэл өсөх хандлагатай бөгөөд оргил үе нь ойрын 2-3 жилд тохиохоор байгааг Боловсролын яамнаас мэдээлэв. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “Боловсролын салбарт дэд бүтцийг өргөжүүлэх, хэрэгцээтэй байршилд шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийг төлөвлөх асуудал нэн тулгамдаж байна. Ялангуяа Улаанбаатар хотод нэг ангид суралцаж буй хүүхдийн тоо хамгийн өндөр, ачаалал их хэвээр. Одоогийн байдлаар орон нутагт сумын сургуулиудын дундаж ачаалал 500-гаас доош байгаа хэдий ч 200 хүрэхгүй хүүхэдтэй 200 орчим сургууль бий. Иймд ойрын 3-4 жилд сургуулийн бүтцийг өөрчлөх бодлогыг хэрэгжүүлж, хүртээмжийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 90 газарт сум дундын, аймаг бүрд төрөлжсөн ахлах, бүс бүр дээр олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг тус бүр байгуулах юм. Нийслэлийн хувьд 3000-гаас дээш сурагчтай сургуулиудын ачааллыг хуваарилах зорилгоор хороолол, хотхон дотор бага сургуулиудыг байгуулах, ахлахыг нь төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлнэ” гэв. Эдгээр арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлснээр боловсролын чанар, хүртээмжийг 2030 он гэхэд бүрэн шийднэ хэмээн тэрбээр мэдээлсэн.
Тэгвэл нийслэлд одоогийн байдлаар 131 сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй аж. Он гарснаас хойш 23 сургууль, цэцэрлэг барьж, ашиглалтад оруулжээ. Цаашид 11 сургууль, нэг цэцэрлэг барьчихвал сурагчдын ачаалал эрс багасах тооцоолол гаргасан байна.
Ч.Болор