Техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2023 онд боловсруулсан “Ухаалаг тоолуур (AMI) нэвтрүүлэх” төслийн ажлын явц 93 хувьд хүрснийг Эрчим хүчний яамныхан мэдээллээ. Уг төслийн хүрээнд 509 520 тоолуур суурилуулж, 320 ажлын байр хэмнэж, түгээлтийн алдагдлыг 13.66 хувиас 9.5 хүртэл бууруулсан аж. Ухаалаг тоолуур нь хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан эрчим хүчийг түр салгах, залгах үйлчилгээг зайнаас үзүүлж, мэдээллийг нь өдрөөр болон сараар нь хадгалдаг юм байна. Мөн www. my.tog.mn сайтаар хэрэглээгээ хянах боломжтой бөгөөд хүчдэл хэлбэлзэх, кабель шугам, тоног төхөөрөмжид гэмтэл үүссэн нөхцөлд цахилгаан хэлхээнээс автоматаар салгадаг тул иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэх аюулыг бууруулах давуу талтай гэнэ. Түүнчлэн өглөө, өдөр, шөнийн хэрэглээг ялгаатай тооцдог тул тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдсэнийг ЭХЯ-наас мэдээллээ. Одоогоор 39 865 мянган байгууллагад буюу аж ахуй нэгжийн 80.3, гэр хорооллын 185 501 айлд буюу 96.3 хувьд нь дээрх тоолуурыг суурилуулжээ. Харин орон сууцын өрхүүдийн 94.4 хувь буюу 284 154 нь ухаалаг тоолууртай болжээ.
С.Дулам