Засгийн газар “Оюутолгой”-гоос ирэх онд гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, үүний хоёр их наядыг нь эдийн засгийн суурь асуудлуудыг шийдэх хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахаар төлөвлөн, энэ чиглэлээр иргэд, олон нийтээс санал авч эхэлсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн мэдээллийн цагаараа уг асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн мэдээллийн эхэнд “Засгийн газар “Оюутолгой”-гоос ногдол ашиг авахыг буруутгаагүй. Гагцхүү өнөөдрийн төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ирээдүйн орлогоо барьцаа байдлаар урьдчилж авах гэж буйг дэмжихгүй” хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр “2027 оны төсвийн төсөлд “Оюутолгой”-н ногдол ашгийн зарцуулалттай холбоотой маш олон тодорхойгүй зүйл байна. Нэгдүгээрт, тус компанид ийм хэмжээний мөнгийг ногдол ашиг хэлбэрээр олгох санхүүгийн чадамж болон эрх зүйн боломж бий юү гэдэг нь анхаарал татаж буй. Төслийн хэлэлцээр, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримт бичигт уурхайн өгөөж буюу ногдол ашгийг 2037 оноос хүртээж эхэлнэ гэж тусгасан байдаг. Тэгвэл энэ мөнгийг хугацаанаас нь өмнө авснаар ирээдүйд ямар дарамт ирэх вэ. Одоо авбал ямар өртгөөр ирэх вэ. Энэ мэтчилэн асуултуудыг Засгийн газрын гишүүдэд тавихаар тодорхой хариулт өгөхгүй байна. Сангийн яамныхан “Хэлэлцээр дуусаагүй. Урьдчилсан байдлаар аман тохироонд хүрсэн” гэх хариултыг байнгын хорооны хурлын үеэр өгсөн. Ирэх оны төсвийн төслийг батлахаасаа өмнө эдгээрийг тодорхой болгох ёстой.
Байгалийн баялгийн орлого гэдэг Засгийн газрын дур мэдэн зарцуулах, хуваарилах зүйл биш. Энэ бол ирээдүйн баталгааг хангах, илүү хүндрэлтэй нөхцөлд нөөц хэлбэрээр ашиглах, уул уурхайн бус салбаруудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх орлогын эх үүсвэр. Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наядыг нь Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэсэн боловч үүнийгээ 2027 онд зарлага хэлбэрээр гаргахаар төсвийн төсөлд тусгасан. Юунд зарцуулахаа тодорхой төлөвлөөгүй, нуувч хэлбэрээр оруулж ирлээ. Ирэх сонгууль угтан бэлэн мөнгө нууцаар тараахаар төлөвлөж байж болзошгүй гэж хардаж байна. Өнөөдөр Монголд тулгамдаж буй хамгийн хүндрэлтэй асуудал нь инфляц, үнийн өсөлт. Эрх баригчид ийм нөхцөлд бэлэн мөнгө тараавал урт хугацаандаа эдийн засагт асар хортой” гэсэн юм.
Н.Мишээл