“Өөх, мах нь алагласан сайхан мах авлаа, өөх харахаар инээд хүрээд байна шүү” хэмээн “Хүчит шонхор” захаас уржигдар мах худалдан авсан эмэгтэй хүүтэйгээ ярьж байв. Анзаарч харвал нэг тор дүүрэн мах авсан хоёр их л хөгжүүн явцгаах нь хүүгийнх нь цалин бууж, ээждээ мах авч өгөв үү гэлтэй.
“Үхрийн гуравхан хавирга, бага зэрэг годон авахад 72 000 төгрөг төллөө. Ногоо, гурилаар арвижуулаад, шөлийг нь уучихвал манай таван ам бүл под хийчихнэ. Монгол хүн, мал аж ахуйн орны иргэн байж налгар намраар махаслаа гэлтэй биш. Гэхдээ л яс чанаж идэлгүй горьгүй нь. Даанч үнэ өндөр байна” хэмээн нэгэн эр ярив. Өнгөгүй, томхон гялгар уутанд үхрийн хавирга, годон зэргийг хийчихсэн тэрбээр мах чанаж идэх гэж байгаадаа баяртай ч, үнэ нь хэт өссөнд бухимдангуй харагдсан.
“Хонины шулаа байна уу” хэмээн 60 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр махны павильонуудын үүднээс асуун явна. Голдуу л байхгүй гэсэн үг сонсов бололтой, урамгүйхэн тойрч эргэнэ. Хонины шулаа бол ясгүй цул махнаасаа арай өөр. Ямар ч хамаагүй ясыг нь маш сайн шулж бэлтгэсэн өвдөл цөвдөл юм.
Ийм махны үнэ кг нь 12 000 төгрөг байсан бөгөөд тэд павильон биш, мах зарж буй лангууныхнаас жижиг торны дундуур шулаа аваад гарлаа. Махны ханш, өрхийнх нь орлогын талаар товч ярилцаж болох уу хэмээсэнд дургүйцсэнгүй ийн ярив. Гэрийн эзэн 66 настай М “Манай эхнэр бид хоёр тэтгэвэрт гарсан. Өдгөө хоёр ачийнхаа хамт дөрвүүлээ амьдардаг. Бэр бүсгүй гэр бүлээ хаяад явчихсан, хүү архи дарс уугаад үзэгдэхтэй, үгүйтэй. Гэр “Хүчит шонхор” захтай ойрхон. Сард нийлээд 1.6 сая орчим төгрөгийн тэтгэвэр авдаг. Хөгшин маань зээлтэй. Дөрвөн ам бүл зөвхөн тэтгэврийн орлогоор амьдрахад чанга шүү. Махны үнэ бүр тэнгэрт “хадчихлаа”. Бид хоёр долоо хоногт 2-3 удаа бага багаар л махаа авна. Үхэр, хонины гэдэс, цувдай, толгой, элэг, шулаа гээд бүгдийг нь авч хүнсэндээ хэрэглэнэ. Чанартай, цул мах аваад идчихэж чадахгүй л байна. Дайвар бүтээгдэхүүн, шулааны үнэ ч өссөн. 2-3 жилийн өмнөхөөс харьцангуй нэмэгдсэн. Үхэр, хонины толгойн мах, шулаа, таташ өмнө нь кг нь 5000-6000 төгрөг л байлаа. Одоо бол 10 000 төгрөг даваад явчихсан. Ерөөсөө манай гэр бүлийн орлогын дийлэнх нь хүнсэндээ явдаг. Ялангуяа мах, гурил, будаа, төмс зэрэг үндсэн хүнсэнд л зарцуулаад дуусдаг. Ач нартаа амттан, жимс, цагаан идээ авч өгнө гэдэг мөрөөдөл шахуу зүйл. Махны үнэ л хямд байгаасай” гэлээ. Хуучнаар Дэнжийн мянга буюу өдгөө “Хүчит шонхор” захад уржигдар 12.00 цагийн үед хөл хөдөлгөөн бага байлаа. Нийслэлийн иргэдийн болон хоолны газрууд, байгууллагуудын махны хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг тус захад үүрээр, өглөөгүүр, ер нь хөл хөдөлгөөн тасардаггүй. Харин лхагва гарагт үйлчлүүлэгч цөөн байв. Мах борлуулагчид нь жижиг оврын тээврийн хэрэгслээс хонины махыг гулуузаар, үхрийнхийг хаа, гуяар нь бөөнд нь борлуулдаг аж. Харин лангуу, павильоныхон нь жижиглэнгээр түлхүү зарна. “Хүчит шонхор”-т уржигдар хонины гулууз мах кг нь 19 000-19 500 төгрөгийн үнэтэй байв. Нэг гулууз нь 23-26 кг жинтэй бөгөөд 450 000-500 000 төгрөгийн үнэ хүрнэ. Харин үхрийн цул махыг 32 000-33 000, ястайг нь 26 000-27 000 төгрөгөөр борлуулах аж. Үхрийн нэг хаа 25 кг орчим жинтэй бөгөөд энэ нь 600 000-700 000 төгрөг гэсэн үг. Мах борлуулж байсан нэгнээс нийлүүлэлт хэр байгааг лавлахад “Махны нийлүүлэлт сайнгүй байна. Тиймээс үнэ өндөр байх нь жам. Бүтэн үхрийн мах бөөндөө урдаас (Сүхбаатар аймгаас) кг нь 22-24 мянгад л бууж байна. Үүнийг жижиглэж янзлаад бид ястайг нь 26 000-27 000-д өгч байгаа юм. Хамгийн гол нь мах үнэтэйдээ биш, иргэдийн орлого багад л учир бий. БНСУ-д монголчууд кг үхрийн махыг багадаа 50 000 төгрөгт худалдаж авахдаа шүүмжилдэггүй шүү дээ. Учир нь тэнд цалин өндөр. Харин манайд дундаж цалин 1.5 сая төгрөг. Ингээд бодоход нэг үхэр 3-4 сарын цалинтай дүйцэхээр ямар ч өрхөд хүнд тусна. Уг нь өдийд мах хямдардаг үе ч, өнгөрсөн жилийнхээс харьцангуй үнэтэй л байна. Махны үнэ нэмэгдчихээр буудаггүй, улам л өсдөг. Хавраас үхрийн мах кг нь 50 000 төгрөг хүрэхэд гайхах юмгүй. Бас нөөцийн мах нийлүүлээд жижиглэнгийн үнэд бараг нөлөөлдөггүй. Шинэ, өөхтэй махны ханш өндөр хэвээр байдаг бол туранхай нь л бага зэрэг хямдардаг. Би хувьдаа махны үнэ зах зээлийн зарчмаар л яваа гэж хэлнэ. Эрэлт байгаа хойно яая гэх вэ. Харин махны зах зээлийн ханшийг даах орлого бидэнд алга” гэлээ.
Баянгол дүүрэгт байрлалтай “Таван-Эрдэнэ” захад уржигдар хонины мах кг нь 25 000-26 000 төгрөг гэж байв. Харин үхрийн цул махыг кг-ыг нь 31 000, ястайг нь 36 000 төгрөгөөр үнэлжээ. Бас “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр хонины ястай мах кг нь 25 000, үхрийнх ястай, ясгүй 31 000-35 000 төгрөгийн ханштай байв. Өөрөөр хэлбэл, энэ нь “Хүчит шонхор”-т борлуулж байгаагаас кг тутамдаа багадаа 5000 төгрөгөөр ахиу үнэтэй гэсэн үг. “Таван-Эрдэнэ” худалдааны төвд мах зардаг иргэн “Намар өдийд мах хямд, тарган, чанартай байдаг үе л дээ. Нийлүүлэлт ч сайжирч, үнэ нь хямдардаг юм. Гэхдээ нийлүүлэлт сайжирсангүй. Энэ нь мах борлуулдаг олон зах, дэлгүүр, онлайн платформ үүссэнтэй холбоотой болов уу. Махны үнэд санаа зовоод байдаггүй, боломжийн орлоготой хүмүүс нь онлайн дэлгүүрээс захиад авчихдаг болж. Үхрийн мах, бага зэргийн гэдэс дотрыг ангилаад, цул, ястайгаар нь ялгаад, заримыг нь хэрчиж, машиндаж бэлтгэсэн нь кг нь 40 000 гэж байна. Хонины ангилсан мах 25 000-30 000 төгрөгийн үнэтэй. Багадаа 15 кг-аар савласнаар нь хүргүүлээд бүр зээлээр авч болдог юм билээ. Бид махаа зарахдаа ч маркетинг нэвтрүүлж, хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж, зээлээр өгвөл зүгээр санагдсан” гэлээ.
ЖИЛ БҮР 20 ОРЧИМ САЯ ТОЛГОЙ МАЛ “МУУЛЖ”, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛДАГ
Манай улс мал аж ахуйн орон бөгөөд өнгөрсөн өвөл 58.1 сая толгой мал тоолуулсан. Нөгөөтээгүүр, жил бүр хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 20 сая орчим мал “муулж”, хүнсэнд хэрэглэн, эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэсэн статистик бий. Үндсэн хуульдаа бид “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан. Тиймээс ч малчдад өгдөг зээл, тусламж, хөнгөлөлт цөөнгүй. Зуд, ган болж, гоц халдварт өвчин бүртгэгдэхэд улсаас аль болох тусалж, нөхөн төлбөр олгож ирсэн. Малчдад хүү багатай зээл олгодог төдийгүй, малчин айлын нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх өгсөн. Бас малын түүхий эдийг боловсруулах үе шатыг сайжруулж, ялангуяа ноолуурын үнийг “хөөрөгдөх” мөнгийг төрөөс зээл хэлбэрээр үйлдвэрлэгчдэд олгодог. Сүү тушаасан өрх ч сүүгээ зарахын зэрэгцээ нэг литр тутамд нь улсаас 1000 төгрөгийн урамшуулал авдаг. Өөрөөр хэлбэл, бид малчдаа аль байдгаараа дэмждэг. Гэтэл хариуд нь мах, цагаан идээний үнэ тогтмол “чангарч”, цалингаас өөр орлогогүй иргэд, тэтгэврийнхэн, халамжийнханд хүнд туссаар байгаа юм. Бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ зах зээлийн зарчмаар тогтоно гэдэг ч малчдыг төрөөс зах зээлийн бус зарчмаар тордож ирсэнд иргэд бухимдалтай байдаг гэхэд болно. Энэ талаар эдийн засагч Б.Гантөгс “Хэдийгээр би малгүй ч, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээг өөрсдийн дундаж орлогод нийцсэн үнээр хямд худалдан авдаг байх сан. Учир нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд улсаас сүүлийн 30 гаруй жилд бараг долоон их наяд төгрөгийн зээл олгосон гэж саяхан яригдсан. Улсаас зээл өгнө гэдэг бол татвар төлөгчдийн мөнгийг л зарцуулна гэсэн үг. Надад ирэх, миний орлогыг сайжруулж болох хөрөнгийг үйлдвэрлэл хөгжүүлэх нэрийдлээр малчдад зарцуулаад байгаа хэрэг. Тэгвэл ядаж сүү, мах, цагаан идээний үнэ хямд байж болно биз дээ. Дарс үйлдвэрлэлээр тэргүүлэгч улсад дарс хямд, сонголт арвин, газар тариалангийн орон урд хөршид бүх төрлийн хүнсний ногоо, жимс хямд үнэтэй, сонголт их байдаг. Усны аж ахуйг хөгжүүлсэн улсад загас, загасан бүтээгдэхүүн мөн хямд. Гэтэл манайх мал аж ахуй орон атлаа мах ийм өндөр үнэтэй байгаа нь шударга бус. Үүнийг төрөөс зохицуулж, мах, махан бүтээгдэхүүн нөөцлөх, тээвэрлэх ложистикийн сүлжээг өргөжүүлж, монгол айлуудыг хэт өндөр үнэтэй биш, чанартай, шинэ мах авах тогтолцоог бүрдүүлж өгөх нь зүйтэй. Товчхондоо бол малгүй ч гэсэн би хямд мах идмээр байна” гэлээ.
“ТЭМЭЭНИЙ МАХ ХОВОР, ЗӨВХӨН ЗАХИАЛГААР НИЙЛҮҮЛДЭГ”
Тураг махны үнэ өндөр болсноос үүдэн дайвар бүтээгдэхүүний ханш ч чангарчээ. Тодруулбал, үхрийн хэл кг нь 19 000-22 000, хониных нь 15 000-17 000 төгрөг байна. Хонины цувдай цустай, цусгүйгээсээ шалтгаалан 15 000-20 000 төгрөг байгаа бол элэг ширхэг нь 1000 гэнэ. Энэ нь дайвар бүтээгдэхүүний үнэ ч сүүлийн хоёр жилд 50-60 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн хамгийн хямд мах адуу, тэмээнийх юм. Гэхдээ тэмээнийх ховор бөгөөд “Хүчит шонхор”-т кг нь 12 000 төгрөгийн үнэтэй байна билээ. Иргэдэд зарахгүй, зөвхөн аж ахуйн нэгжүүдийн захиалгаар нийлүүлдэг гэсэн. Харин адууны ястай мах кг нь 15 000 төгрөгийн ханштай байна. Үүнээс гадна малын мах үнэтэй болохын хэрээр тахиа, гахайных эрэлттэй, борлуулалт өндөр байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, тахианы мах кг 9000-11 000, гахайных 14 000-17 000 төгрөгийн үнэтэй. Тахиа, гахайны махаар хийсэн, халааж иддэг бэлэн хоолнууд кг нь 13 000-18 000 төгрөгийн ханштай бөгөөд эрэлт нь улам өсөж буйг борлуулагчид нь хэлсэн.
“Бөх бол төр юм” гэдэг хэлц гэх үү, ёж үг байдаг. Тэгвэл “Мах бол амьдрал юм” гээд хэлчихэд буруудахгүй дүр зураг манайд бий. Тодруулбал, инфляц нэмэгдэхэд гадаад талаас шатахууны нийлүүлэлт жин дардаг бол дотоодоос махны үнийн өсөлт шууд нөлөөлдөг. Бас иргэд хүнсний бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлт яримагц махныхыг голчлон дурдаж, амьжиргааны түвшнийг мах худалдан авах чадвараар хэмждэг. Махаа авч идэж чадахгүйд хүрлээ гэх нь би ядуу хүн, амьдрал хэцүү байна гэсэнтэй утга дүйнэ. Тиймээс ч ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран жил бүр нөөцийн мах бэлтгэн, нийлүүлж ирсэн. Тэгвэл ирэх хаврын хэрэгцээнд зориулж 15-20 мянган тонн мах бэлтгэхээ ХХААХҮЯ-наас мэдээлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх боломжтой хэмээх саналаа дээрх яаманд ирүүлээд буй аж. Ер нь нийслэлчүүдийн махны хэрэглээнд жилд 20 000 орчим тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлбэл үнэ хэт өсөхгүй гэж тооцдог бөгөөд сүүлийн таван жилд жил бүр 8000-12 000 тонн мах бэлтгэн нийлүүлжээ.
С.Дулам