Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюутолгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр “Ногдол ашгийг бэлнээр тараах, гарт олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд төвлөрүүлнэ. Засгийн газар үүний дагуу нэг их наяд төгрөгийг тус санд төвлөрүүлж, хоёр их наядаар нь эдийн засгийн суурийг тэлэх асуудлуудаа шийдвэрлэе гэсэн санал дэвшүүлж буй” гэсэн юм.
“Оюутолгой”-н ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаарх иргэдийн саналыг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нээлттэй санал асуулгыг “E-Mongolia” болон “E-Zasag” системээр дамжуулан өчигдрөөс авч эхлэв. Үүнийг энэ сарын 28-ны 22.00 цаг хүртэл явуулах бөгөөд “Засгийн газар “Оюутолгой” төслөөс ногдол ашиг авах нь зөв үү”, “Ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй вэ”, “Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ” гэсэн гурван асуултыг иргэдэд тавьж байна.
Н.Мишээл