Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өгч, шуурхай штабаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
"Аравдугаар сард 78 мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн байсан. Манайх ОХУ-тай хийсэн тогтвортой байдлын гэрээгээр шатахуунаа авдаг ч газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, нийлүүлэлтэд хүндрэл үүссэнээс гадна үнэ нэмэгдсэн. Энэ сард үнэ тонн тутамдаа 190 ам.доллароор өсөж ирсэн тул импортлогч аж ахуй нэгжүүд үнээ нэмлээ. Одоогоор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь илүү чухал байна. Мөн 11, 12 дугаар сард ОХУ-аас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй. Тиймээс БНХАУ болон гуравдагч хөршөөс шатахууны нийлүүлэх ажлыг зохион байгуулж Сингапур, БНСУ, Малайзтай хэлэлцээр хийж байна. Шатахуун импортлогч ж ахуй нэгжүүд өнөөдөр АИ-92 шатахуунаа 500-550 төгрөгөөр нэмээд байна. Мөн benzin.mn сайтаар шатахууны үлдэгдлийн мэдээллийг өгч байгаа. Мөн камераар хянаж хаана, хаана ямар шатахуун түгээх станц үлдэгдэлтэй байна гэдгийг харуулна. Өнөөдрийн байдлаар АИ-92 14 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байгаа. Орон нутгуудад мөн хязгаарлалттай байгаа. 2027 онд аж ахуй нэгжүүдийг нөөцийн сав барих ажлыг зохион байгуулж байна.