Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахын өмнөхөн урьд хожид үзэгдээгүй хачирхалтай үйл явдал өрнөөтөхсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах албан тушаалтнууд хэвлэлийн хурлын индэрт зэрэгцэж суугаад “С.Амарсайханыг зайлуулъя” гэсэн мэдэгдэл хийж олныг гайхшируулж байв. Хууль сахиулах байгууллагын томчууд салбарынхаа сайдыг авч хаях бохир улс төрд увайгүйгээр хутгалдсан дуулиан намжаагүй байхад мөрдөстэй офицер нь ЦЕГ-ынхаа даргын эсрэг хуйвалдаанд оролцсон гэх мэдээлэл чих дэлсэж байх юм.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болдыг унагах зорилготой хар пи ар намрын халуун улс төрийн завсар зайгаар мэр сэр явагдах болсныг уншигчид анзаарсан биз ээ. Сүүлд гэхэд зарим нэг хэвлэл ЦЕГ-ын даргад хая-ласан нэгэн хүсэлтийг ил болгоод байна. Цагдаагийн ахмад ажилтнууд Ж.Болд генералд “Хуулийн дагуу хувиараа хөдөлмөр эрхэлж яваад хохирсон хүмүүсийн асуудлыг эргэж хараач” гэсэн агуулга бүхий хүсэлт хүргүүлсэн юм билээ л дээ. ЦЕГ-ын дарга хууль журам, үүргийнхээ дагуу хүсэлтийг хүлээж авах нь тодорхой. Хоёр хуудас хүсэлтийг нь хүлээж авангуутаа ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаанд шилжүүлж, “Шалгаж хариу өгье” хэмээн цохсон аж.
Хачирхалтай нь, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан Монголын цагдаагийн албаны дотоод мэдээлэл болох уг бичгийг “Урьхан” хочит нэгэн бизнес мэнд дамжуулсан гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Ингээд харахаар ЦЕГ-т хэлтэс ахалдаг нэг нөхөр даргынхаа эсрэг хуйвалдаанд оролцчихсон яваа дүр зураг ажиглагдаж байна.
Мөрдөс зүүсэн хүн байгууллагынхаа дотоод нууц болох өргөдөл, гомдлын шинжтэй бичгийг гэмт хэрэгтэнд өгч, даргынхаа эсрэг ажиллагаанд ашиглуулах нь яаж ч бодсон ойлгох аргагүй кейс. Шуудхан хэлэхэд, захын нэг гэмт хэрэгтэн дурын нэг албан тушаалтнаас Монголын цагдаагийн дотоод нууцад хамаарах бичиг баримтыг аваад олон нийтэд цацчихаж байна. Энэ бол цагдаатай, шүүхтэй тусгаар улсын хувьд маш том аюул.
ЦЕГ-ын дарга Ж.Болд оо! Мөрдөс зүүсэн албан тушаалтан чинь цагдаагийн үнэт зүйлийг уландаа гишгэж, Монгол төрийн цагдаагийн нууцыг захын рецедивт задруулсаар л байг уу!?
Б.Баяр