Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой өнгөрсөн өдрүүдэд тохиож, үүний хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” уриатай хүүхэд, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах үндэсний форум зохион байгууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал ЭХЭМҮТ-ийг Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгох зорилт дэвшүүлснээ танилцуулав. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол зорилго нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тогтолцоонд шилжих явдал. Мөн цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг ирэх сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна. Шинэчлэлийг хэчнээн эмнэлэг барьж, тоног төхөөрөмж суурилуулснаар бус, хэдэн хүүхдийн амь аварч, итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой” гэсэн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь салбарын эрхэм, хариуцлагатай үүргүүдийн нэг болохыг тэмдэглээд, “Эрүүл хүүхэд гэр бүлийн үндэс, улсын ирээдүй юм. Хүүхдийн мэс заслын салбарын 70 жилийн түүхэнд олон мянган нялхсын амийг авран хамгаалсан үйл явдал нь үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хөдөлмөр, зүтгэлийн үр дүн билээ. Цаашид хүүхэд, нярайн тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийг бэхжүүлэх, сургаж дадлагажуулах, орчин үеийн технологи, инновац нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг дэмжин ажиллана” гэдгээ амлав.
О.Ундрах