Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эцэслэн баталж, долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдүүлж буй. Шинэ зохицуулалтаар сурроныг мотоцикл, скүүтерийг мопедын ангилалд оруулж, хөдөлгөөнд оролцох журам, хариуцлагыг тодорхой болгосон. Товчхондоо, 18 нас хүрсэн, жолооны А ангиллын үнэмлэхтэй иргэн суррон унах эрхтэй бөгөөд скүүтер, мопедыг зөвхөн унадаг дугуйн зам болон авто замын баруун эгнээгээр унахыг зөвшөөрсөн юм. Гэтэл 18 нас хүрээгүй хүүхдүүд дээрх бичил тээврийн хэрэгслүүдийг унаж, гэмтэж, бусдыг хохироох, цаашлаад амиа алдсан харамсалтай тохиолдол гарсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.
Ийм ослын улмаас наймдугаар сарын эхний 20 хоногийн хугацаанд нийт 160 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш мэдээллээ. Тэрбээр “Скүүтер, суррон, мопедтой холбоотой осолд 10-14, 16-17 насныхан өртөж байна. Олонх нь тархи, цээж, хэвлий, зөөлөн эдийн гэмтэл авч, хөл, гараа хугалсан тохиолдол цөөнгүй. Ялангуяа суррон богино хугацаанд хурд, хүч өндөр авдагтай холбоотойгоор осол гарахад хүчтэй гэмтдэг. Машинд чирэгдээд эгмийн яс нь хугарсан хүүхэд ч бий. 18 нас хүрээгүй хүүхдийг бичил тээврийн хэрэгсэл унахыг хориглочхоод байхад ингэж олноороо гэмтэж, бэртэж байгаа нь харамсалтай” гэв.
Ч.Туяа