
Авто болон мото спорт сонирхогчдыг нэг дор цуглуулах “Шилийн богд” фестивалийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд ирэх сарын 8-9-нд зохион байгуулна. Монгол орны өнцөг булан бүрээс ирэх шилдэг тамирчид, хурд хүчний хорхойтнууд болон аялагчид цуглах тус фестиваль нь адал явдал, энтертайнментийг хослуулсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.
Фестивалийн үеэр 1000 гаруй мотоцикль оролцсон парад, “Mongolian drift series” болон “Moto GP bike”-ийн улсын аваргын III гарааны тэмцээн зохион байгуулна. Эл тэмцээнийг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн хүүхдүүдэд зориулсан тусгай шоу, мюзикл, гэр бүлийн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн фестивалийн үеэр амьд хөгжмийн тоглолт, галын үзүүлбэр, хамтлаг, дуучдын нэгдсэн шоу толилуулах юм байна. Тасалбарын үнэ 29 900 төгрөг аж.