Үндэсний их баяр наадмыг угтсан шагналын хурыг Ерөнхийлөгч өчигдөр ч үргэлжлэн буулгав. Энэ өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Ц.Шинэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал, зөвлөх инженер Г.Ёндон нар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллежийн Удирдах зөвлөлийн дарга, Гавьяат багш, доктор, профессор Б.Барамсай Ардын багш, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий удирдаач асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан Ардын жүжигчин, зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир Ардын уран зохиолч болов.
Салбар салбарын олон гавьяат цолтон мэндэлсний дотор “Ач” анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга, академич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав, МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Н.Батхүү нар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор энгэргээ мялаасан юм.
“25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуул Соёлын гавьяат зүтгэлтэн болж, үзэг нэгт нөхдөө баярлууллаа. Бас манай сонины Улс төрийн албанд ажиллаж байсан, эдүгээ АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах комиссар Т.Мөнхтунгалаг энэ шагналаар шагнууллаа.
Мөн “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болд, дуучин Л.Ган-Эрдэнэ нар Гавьяат жүжигчин болжээ. Нэг хамтлагийн дөрвөн дуучны хоёрыг нь “ялгалаа” хэмээн нийгмийн сүлжээгээр иргэд өчигдөр сэтгэгдлээ илэрхийлж байсан юм. Үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, холимог тулааны тамирчин, боксын спортын Олон улсын хэмжээний мастер М.Нандин-Эрдэнэ нар Гавьяат тамирчин цол хүртсэн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.