Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноотой холбоотой мэдээллийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Ганбат өглөө.
Тэрбээр "Элсэлтийн шалгалт энэ жил ноцтой зөрчилгүй зохион байгууллаа. Нийт 49 мянган шалгуулагч бүртгүүлснээс математикийн хичээлээр бүртгүүлсэн 33.116 сурагчийн 94 хувь нь шалгалтад хамрагдсан.Хичээлүүдийн ирцийг харьцуулахад нийгэм судлал хамгийн өндөр, харин орос хэл, түүхийн хичээл хамгийн бага ирцтэй байсан. Энэ нь шалгуулагчид 10 хүртэлх хичээлээс өөрийн сонголтоор бүртгүүлдэг бөгөөд бүртгүүлсэн бүх шалгалтад заавал оролцох үүрэггүй. Шалгалтын анхны оноог шалгалт дуусмагц шалгуулагч бүрд танилцуулж, дараа нь тусгай аргачлалаар хэмжээст оноонд шилжүүлэн 200-800 онооны үнэлгээг тооцдог. Элсэлтийн шалгалт нь шалгуулагчдыг эрэмбэлэх зорилготой уралдаант шалгалт учраас эцсийн дүнгээр нь жагсаадаг. Энэ жил 10 хичээлийн хэмжээнд нийт 194 шалгуулагч 800 оноо авсан нь өнгөрсөн оны 163 шалгуулагчаас өссөн үзүүлэлт боллоо.
Мөн шалгуулагчдын тоо өмнөх хоёр жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Сүүлийн дөрвөн жилээс олон улсын шалгалтын дүнг элсэлтийн шалгалтын оноотой дүйцүүлдэг болсон. Энэ жил 6032 шалгуулагч олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлсэн. Өмнө нь ийм хүсэлтийг ихэвчлэн хувийн сургуулийн сурагчид гаргадаг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн улсын сургуулийн төгсөгчдийн эзлэх хувь 80 орчим хувьд хүрсэн нь олон улсын шалгалтыг зөвхөн олон улсын хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүд өгдөггүйг харуулж байна" хэмээв.