Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс (ОБХХУХ)-ийн даргаар ажиллаж байсан Б.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан хууль сахиулах байгууллагынхан албадан саатуулж, шалгаж эхэллээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийн найман объектод нэгжлэг хийж, гурван хүнийг саатуулсан нь уг албан тушаалтантай холбоотой аж. Б.Мөнх-Эрдэнэтэй хамт Баянзүрх дүүргийн нэгэн хорооны Засаг дарга Б.Мөнхбат, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд болох Д.Батцоож, М.Отгонбаяр гэх хүмүүсийг эрүүгийн хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үндэслэлээр шалгаж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр Б.Мөнх-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий хүн болох хорооны Засаг дарга Б.Мөнхбаттай хамтарч нэр дурдсан хүмүүсийн удирддаг аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныхоо төлөө их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.