Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)ийнхэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “Neusoft neuviz epoch” загварын 512 зүслэг бүхий, өндөр нарийвчлалтай компьютер томографын аппаратыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, өчигдрөөс оношилгоонд ашиглаж эхэллээ. Уг төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн дүрс оношилгооны тусламж авах боломж бүрдэж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар шинэ шатанд гарч буйг салбарынхан онцолж байна.
УГТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ц.Төмөр-Очир энэ үеэр “Манай эмнэлэг улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс онош нь тодорхойгүй болон өндөр түвшний оношилгоо шаардлагатай иргэдийг богино хугацаанд, илүү нарийвчлалтай шинжлэх боломж бүрдлээ. Мөн гадаад улс руу өндөр өртөгтэй оношилгоо хийлгэхээр зорчих иргэдийн урсгалыг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна. Жишээлбэл, бид өдгөө 64 зүслэгтэй компьютер томограф ашиглаад 13-14 жил болж буй. Эл аппаратаар зүрхний титэм судасны томограф хийхэд 2-3 цаг зарцуулдаг. Харин шинэ төхөөрөмжөөр үүнийг ердөө гурван секундийн дотор гүйцэтгэх боломж бүрдлээ. Цаашид манай эмнэлгээр үйлчлүүлж буй онош нь тодорхойгүй иргэд болон энэ төрлийн шинжилгээ шаардлагатай эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулах зорилт тавьсан” хэмээв.
Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор таван секундэд хийх хүчин чадалтай аж. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн болон амьсгалын улмаас үүсдэг дүрсний гажуудлыг бууруулж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтайгаар дүрслэх чадвартай юм байна.
У.Сүрэн