15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум (ATF-2026)-ыг “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд ирэх сарын 11-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг форумаар салбарын хөгжлийн бодлого, үйлчилгээний менежмент, маркетинг болон тогтвортой байдлын тулгамдсан асуудлуудыг хөндөх бөгөөд Монгол, БНСУ, АНУ, ХБНГУ зэрэг 22 орны 100 гаруй эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлэх юм.
Азийн шилдэг эрдэмтэн, судлаачдыг нэгтгэдэг энэхүү форумыг манай улсад зохион байгуулснаар Монголын аялал жуулчлалын салбарын олон улсын нэр хүндийг өсгөх, онол практикийн уялдааг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой гэнэ. Мөн хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх болон маркетингийн шинэ боломжуудыг нээх давуу талтай юм.
Э.Сондор