Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжууд бий болгон, бүтээмж нэмэгдүүлсээр буй. Тиймээс технологийн энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор “DRONECON 2026” буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж байна. Тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин таван ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа аж.
Өнөө жилийн тэмцээнд дрон кодчилол, хиймэл оюуны ангилал нэмэгдсэнээрээ онцлогтой. Энэ нь залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновац, цахим ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтойг албаныхан тодотгосон. Өөрөөр хэлбэл, “DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус, инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ юм.
М.Гэгээ