
CNN-ийг үндэслэн байгуулснаар орчин үеийн 24 цагийн мэдээллийн соёлыг нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн магнат Тед Тернер 87 настай байжээ.
Түүний үхлийн шалтгааныг одоогоор тодруулаагүй ч Тернер 2018 оноос хойш зөнөглөх өвчнөөр шаналж байсан бөгөөд өнгөрсөн жил уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн тухай хэвлэлүүд мэдээллэж байсан.
CNN гашуудлын мэдэгдэлдээ Тернер нь мэргэжлийн карьерынхаа туршид анхны 24 цагийн кабелийн телевизийн сүлжээ, уран сайхын болон хүүхэлдэйн киноны алдартай сувгуудыг багтаасан хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг байгуулсан тухай дурджээ. Тэрээр мөн дэлхий даяар цөмийн зэвсгийг бүрэн устгахыг уриалж, спортыг дэмжих, байгаль орчныг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэртэй буяны үйлстэн, идэвхтэн байв.
Тернер нь дэлхийн хэмжээний буяны байгууллага болох НҮБ-ын Сангийн үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай бөгөөд тэрээр тус сандаа 1 тэрбум долларын хандив өргөсөн байдаг.
Мөн их гүрнүүд Олимпийн наадмыг бойкотлох үед тэрбээр Сайн санааны тогололтуудыг зохион байгуулж спортын салбарт буян хийсэн гэдгээрээ алдартай.
Тёрнер 1938 оны 11 дүгээр сарын 19-нд Охайо муж улсын Цинциннати хотод сурталчилгааны агентлагийн эзний гэр бүлд төржээ. 1960 онд тэрбээр эцгийнхээ компанид ажиллаж эхэлсэн бөгөөд эцэг нь амиа хорлосноос гурван жилийн дараа агентлагийг удирдаж эхэлсэн байна. Хэд хэдэн радио станц болон Атланта дахь алдагдалтай ажиллаж байсан телевизийн сувгийг худалдаж авснаар Тед Тёрнер "Turner Broadcasting System" хэмээх медиа компанийг байгуулжээ.
1980 онд тэрээр Атланта хотод Cable News Network (CNN)-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь АНУ-ын анхны 24 цагийн мэдээллийн суваг бөгөөд анхны үндэсний кабелийн сүлжээ юм. Үүний дараа CNN-ийн эргэн тойронд сэдэвчилсэн тусгай сувгуудын сүлжээ мөн дэлхий даяар цацдаг CNN International суваг бий болжээ.
"Тернер Америкт оронд ийм олон асуудал тулгарч байгаагийн нэг шалтгаан нь иргэд мэдээлэл муутай байсан явдал хэмээн үздэг байв" гэж CNN-ийн сэтгүүлч асан Лиза Наполи "Up All Night Long" номондоо Тернерийн тухай бичсэн байдаг.
Тернер өөрийнхөө тухай "CNN-ийн оффистоо хорин жил амьдарсан" бөгөөд эхний арван жил нь өрөөнийхөө буйдан дээр унтдаг байсан” гэж тэмдэглэжээ. Үүнийг нь CNN-ийн ажилчид баталж, түүнийг заримдаа компанийн цайны газарт өглөөний цайндаа халаттайгаа ордог байсныг дурссан байна.
CNN 1991 онд Иракаас "Цөлийн шуурга" ажиллагааны үеэр шууд нэвтрүүлэг цацснаар алдрын оргилд хүрсэн юм.
Тэр жилдээ Time сэтгүүл Тед Тернерийг "Оны хүн" гэж нэрлэж, түүнийг "үйл явдлын динамикт нөлөөлж, 150 орны үзэгчдийг түүхийн гэрч болгосон" гэж онцолжээ.