Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэжиллээ. Хуралдаанаар гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Г.Занданшатар даргаа, намын зовлонг яагаад төрийн зовлон болгочхов оо. Өөрөөр хэлбэл, намын даргын суудлаас болж, эдгээр асуудлууд үүслээ. Та ялагдчихаад, тахимаа өгч чадахгүй, өрсөлдөгчөө хүнээр дамжуулан болон өөрөө хулгайчаар нь дуудаж, шүүхээр тогтоогдоогүй хэргийг өөрөө шийдсэн мэтээр зарлаж явж байгаа нь хэр зохистой вэ. Би таныг хүндэлдэг. Таньтай маш олон зүйл дээр хамтран ажиллаж байсан. Харамсалтай байна. Өдий олон албан тушаал дээр томилогдон төрийн албанд ажиллаж байсан хүн намын даргын сонгуулиас болж, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ гэхэд чинь улсын төсөвөө баталъяа, хамтарч ажиллах байх гэсэн хүлээлэлтэй байсан. Гэтэл намын зовлонгоо төрийн зовлон болгосон нь буруу" гэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Намын асуудлыг төрийн ордонд хэлэлцэх ёсгүй. Би улсын ерөнхий сайдын хувьд улс төр биш урдах ажлаа хийх, намын хэрэг намдаа, төрийн хэрэг төрдөө гэсэн зарчимыг мөрдөж ирсэн. Нүүрсний хулгай дээрэмийг таслан зогсоох тухай төрийн асуудал ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх нь засгийн газрын үндсэн үүрэг. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулиар хүлээсэн эрх, үүрэг билээ. Тийм учраас намын даргын асуудлыг энд ярих нь зохисгүй" гэв.