Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбоотой техникийн асуудлыг шийдэх, сэргээн босгох ажлын явцын талаар тус компанид томилсон бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх танилцуулга хийжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Станцыг нөхөн сэргээхийн тулд таван багц ажил хийхээр төлөвлөж, шаардлагатай санхүүжилт болох 105 тэрбум төгрөгийг төсвөөс шийдэж өгсөн. Тэгвэл эдгээрээс гурван багц ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн “ДЦС-3” нь өнгөрсөн оны оргил үед үйлдвэрлэсний 50 хувьтай тэнцэх хэмжээний цахилгаан нийлүүлэх аж. Үлдсэн хэрэгцээг нь шинэ эх үүсвэрээс хангах учраас ачаалал огцом нэмэгдэхгүй л бол энэ өвөл цахилгаан, дулааны доголдол гарахгүй, хязгаарлалт хийхгүй гэж мэдэгдлээ.
Тоног төхөөрөмж, труба, генератор шинээр үйлдвэрлэх, барилга угсралттай холбоотой үлдсэн хоёр багц ажлыг өвлийн ид ачааллаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх “ДЦС-3”-ын хувьд эрсдэлтэй нөхцөл хэвээр байгаа. Энэ бол ашиглалтын хугацаа хэтэрсэн, 58 жил болсон станц. Одоо бид 30 хувьд нь л сэргээн засах ажил хийж байгаа. Үргэлжлүүлэн шинэчлэх ажлыг улсын төсвөөр шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан” гэв.
С.Уул