Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам өнөөдөр эхэллээ. Ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх уг наадам нь Монголын кино урлагийн салбар луу гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм. “Хархорум 2025” кино наадмын үеэр найман улсын 23 кино, тэр дундаа дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг “Өргөө IMAX”-т толилуулна. Уралдаант болон уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн дөрвөн хэсэгтэй тус наадмын үеэр шилдэг уран сайхны, шилдэг баримтат, зохион байгуулагчдын зүгээс сонгосон тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагналтнуудыг тодруулах аж. Уралдаант хэсэгт Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг орны шилдэг 13 кино өрсөлдөж байна. Шүүгчээр Оскарын шагналт продюсер Марк Баше, кино куратор Николай Никитин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, кино шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллах нь.
Г.Сансар