Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Үүнтэй холбогдуулан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 20 орчим илтгэл хэлэлцүүлсэн төдийгүй НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороо, Британи, Казахстан, Киргизстан улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагын төлөөлөл цахимаар оролцсон аж. Түүнчлэн УИХ-ын гишүүд, АТГ, ГБХНХЯ, ЦЕГ, ШШГЕГ, Шүүх шинжилгээний ерөнхий газар тэргүүтэй байгууллагын албан тушаалтнууд оролцон, байр сууриа илэрхийлж, судалгааны үр дүнгээ танилцуулсан байна. Эрүү шүүлтэд өртсөн иргэдийн хохирол нөхөн төлүүлэлт, түүнд тулгамдаж буй асуудыг шийдвэрлэхэд судлаач, мэргэжилтнүүдийн саналыг авч, олон улсын туршлагыг практикт тусгах нь чухал байгааг энэ үеэр оролцогчид онцолжээ. НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколыг манай улс 2015 онд соёрхон баталснаар Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага бий болгох үүрэг хүлээсэн юм.
Д.Сэлэнгэ