Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу энэ сарын 26-27-нд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Уг айлчлалын үеэр хоёр улсын төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээ, айлчлал, Гадаад харилцааны яам хоорондын уулзалтыг тогтмол болгох, эдийн засгийн нөөц боломжийг ашиглах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, зам, тээвэр, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бид санал солилцлоо. Тухайлбал, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, харилцан нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, хоёр улсын бэлгэ тэмдэг болох төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо. Монгол, Казахстаны хамтын ажиллагаа нь олон салбарт өргөжсөөр байна. Үүнийг цаашид үр бүтээлтэйгээр ашиглаж, тулгамдсан асуудлаа шийдэхээр тохиролцсон. Манай хоёр улс цаашид стратегийн түншлэлийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ”гэв.
Ц.Цэнд