Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ-аас 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд байр сууриа илэрхийллээ. Монголын талд үр ашигтай байх үүднээс “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг мөн онцлон тэмдэглэв. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлууд, татварын нөхцөл, байгаль орчны нөлөөлөл, ялангуяа ус ашиглалт зэргийг хамтад нь шийдэхийн төлөө талууд үр дүнтэй хамтран ажиллах, үүний тулд нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналаа Ерөнхий сайд хэллээ. “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал, хатагтай Кейти Жаксон шийдлээ хүлээж буй асуудлуудаар хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтран ажиллах талаар бүрэн нээлттэй хандана гэдгээ илэрхийлэв. Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцжээ.
Г.Сансар