Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэр удаа дараа гарч хүрээлэн буй орчинд ноцтой аюул учирч болзошгүй нөхцөл үүссэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Тус аймгийн дөрвөн сумд түймэр дэгдсэн бөгөөд орон нутгийн онцгой байдлын байгууллагаас гадна ОБЕГ, НОБГ болон Дархан-Уул, Орхон, Булганы гал унтраах, аврах ангийн алба хаагчид хүч нэмэн, нийт 190 хүн, 40 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Сэлэнгийн Засаг даргын орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Ж.Сайнцог өчигдөр 17.30 цагт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Манай аймгийн дөрвөн сумд ой, хээрийн есөн түймэр гараад байна. Одоогоор таван түймэр асаж байна, дөрвийг нь цурамд орууллаа. Тухайлбал, Алтанбу¬лаг сумын III багийн Доргон толгой, Цагааннуурын Тохон уулын ар хоорондын ам гэх нэртэй газар түймэр асаж байна. Эл газрын хойд талаар буюу их модтой хэсэгт түймэр дүрэлзсээр. Мөн Ерөө сумын хэд хэдэн газар түймэр дэгдсэн. Одоо Даваатад түймэр асаж байна. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай, Шарын гол гэх газар гарсан түймрийг унтраахаар нисдэг тэрэгтэй ажиллаж байгаа. Харин Шаамар сумын нутаг дахь Тужийн нарсанд гарсан түймрийг цурамд оруулсан. Мөн Түшиг, Хүдэр сумд дэгдсэн түймрийг унтраагаад байна” гэв.
Хүний буруутай үйл ажиллагаанаас болж түймэр асаж байгаа тул амарч зугаалж явахдаа анхаарал, сэрэмжтэй, ил гал гаргахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас сануулав.
Мөн энэ өдөр ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн талаар мэдээлэл өгсөн юм. Өчигдөр 11.00 цагийн байдлаар таван аймгийн есөн сумд гарсан ой, хээрийн 14 түймрийг унтраахаар ажиллаж буйг УОК-ын на¬рийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлсэн. Улсын хэмжээнд он гарснаас хойш өчигдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт ой, хээрийн түймэр 129 удаа бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 44.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Түймрийн улмаас ойн 63.6, хээрийн 576.2 га талбай шатаж, зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Ч.Цэлмэг