Узбекистаны Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад энэ сарын 24-25-нд анх удаа төрийн айлчлал хийсэн Шавкат Мирзиёевийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн төв талбайд уржигдар орой угтан авсны дараа хоёр орны удирдагчид харилцаа, хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурлаа.
Ерөнхийлөгч нар Монгол, Узбекистаны харилцааны түвшнийг, иж бүрэн түншлэлд хүргэж ахиулахаар тохиролцож, үүнийгээ баталгаажуулсан бол хоёр орны албаны төлөөлөгчид болох сайд, дарга нар боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, гадаад харилцаа, эдийн засаг, хууль, эрх зүй, эрдэс баялаг, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар, агентлаг хоорондын төлөвлөгөө, хэлэлцээр, протоколд гарын үсэг зурсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан улсад хийсэн айлчлалын үеэр талууд агаарын болон авто тээврийн хэлэлцээр байгуулж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон юм. Үүний хүрээнд Улаанбаатар хотод “Узбекистаны худалдааны төв”-ийг нээж, Авто тээврийн хамтарсан хороог байгуулан, тус улс руу Монголоос 100 мянган хонь, ямаа экспортлох зорилт тавинажиллажбайгааг энэ үеэр дурдав. Түүнчлэн агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд энэ оны хоёрдугаар улирлаас Улаанбаатар-Ташкентын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж буйг онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев “Монгол, Узбекистан улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатыг өнөөдөр (уржигдар) эхлүүллээ. НҮБ, ШХАБ болон олон талт бусад бүтцийн хүрээнд нягт хамтарч, харилцан бие биенээ дэмжихээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тохиролцлоо. Хоёр улсын хэлэлцээ эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар тэлэх үндсэн бодлогод суурилж буй. Эрэлт хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүний нэр, төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 10-20 дахин өсгөх зорилт тавиад байна. Бизнес, эдийн засгийн салбар дахь аж ахуйн нэгжийн санал, санаачилгыг бүх талаар дэмжин ажиллана. Хөнгөлөлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалахтай холбоотой хэлэлцээрийг аль болох богино хугацаанд байгуулна” гэсэн юм.
Ж.Сувд