Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, ятгач Г.Солонго “Solongo” бүрэн хэмжээний тоглолтоо Чойжин ламын сүм музейн “Үдшийн музей”-д ирэх сарын 2-нд толилуулах нь. Тус музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг олонд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр үзэгчдэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ. Тэрбээр энэ удаа ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулахаараа онцлог юм. Өмнө нь Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимтэй хамтран “Эх” хэмээх шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон. Түүнчлэн өөрийн нэрээр нэрлэсэн пянзаараа “Мөнгөн мод-2024” наадмын “Дуу хөгжмийн шилдэг бүтээл”-ийн шагнал гардаж байв. Түү¬ ний “Солонго” пянзад Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын ятга хөгжмийн төрөл зүйл, хөг хөглөгөөний онцлогийг шингээн туурвисан ардын дууны найруулгаас эхлээд симфони зураглал, ятга төрийн их найралд зориулсан, chill out зэрэг хөгжмийн олон хэлбэрт бичигдсэн бүтээл багтжээ. Солонгын долоон өнгө, хөгжмийн долоон эгшгийг бэлгэдэн нэрлэсэн эл пянзаар ятгын эгшиг аялгууг сонсогчдод хүргэхээр зорьж буй түүний пянзанд багтсан Гавьяат жүжигчин, уртын дууч Г.Энхбаатартай хамтарсан “Summer breeze” хөгжим сонсогчдын сонорт хүрсэн даруйдаа олны таалалд ихээхэн нийцжээ. Хөгжим бүжгийн коллежийн босгоор 1996 онд алхан орж, ятга хөгжимтэй өнөөг хүртэл нөхөрлөсөн тэрбээр “Хан богд” хамтлагийн гишүүн байхдаа 20 гаруй жил уран бүтээл туурвиж, гадаадын орнуудад үндэснийхээ урлагийг сурталчлан тоглосон байна. Тус хамтлагийнхан тоглолтод нь хүрэлцэн ирж, сүүлийн үед туурвисан шинэ уран бүтээлүүдээсээ хүргэх гэнэ. Түүний анхны бүтээл болох “Торгоны хээ”-г Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат найруулсан аж. Ятгачин бүсгүйн аав нь цамын баг урлаач, зураач, Монгол Улсын Соёлын элч, зураач, барималч Н.Ганхуяг юм. Монголд 108 цамыг 2007 онд иж бүрнээр нь сэргээн засварлаж, Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргасан юм.
Г.Бат