Япон Улсын 126 дахь эзэн хаан Нарүхито эрхэм дээд хатан Масакогийнхоо хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх тов гарчээ. Манай улсын Ерөнхийлөгч 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд зочноор оролцож, түүнтэй анх уулзаж байв. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсад айлчилж, Цог жавхлант эзэн хаанд бараалхсан аж. Тэгвэл хоёр улсын удирдагчид төрийн айлчлалын түвшинд ирэх сард хоёр дахиа уулзах нь. Цог жавхлант эзэн хаан Нарүхитогийн хувьд энэ нь Монгол дахь анхны, гадаад улсад хийх гэж байгаа төрийн гурав дахь айлчлал нь аж.
Энэ удаагийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түүхэн ач холбогдолтой хэмээн талууд үзэж байна. Мөн эл айлчлал Үндэсний их баяр наадмын өдрүүдэд тохиож буйгаараа ихээхэн онцлогтой. Энэ үүднээсээ монголчуудын уламжлал, өв соёлыг сурталчлан таниулахад чухал нөлөөтэй, үзэж сонирхуулах зүйл баялагтай айлчлал болно хэмээн судлаачид таамаглаж буй. Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн наадмын үеэр Бутаны Хаант Улсын Цог жавхлант эзэн хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэргийн хамт манай оронд төрийн айлчлал хийж, Монголын өв соёл, аялал жуулчлалыг олон улсад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Н.Мишээл