Жуулчид Гандантэгчэнлин хийд цогцолбор луу нэвтрэхдээ 7000 төгрөг төлдөг байсныг энэ оны хавраас 20 000 төгрөг болгож нэмсэн. Тодруулбал, тус хийдийн захиргааны тэргүүлэгчид өнгөрсөн сарын 2-нд аялал жуулчлалын үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн батлах тухай шийдвэр гаргаж, маргаашаас нь хэрэгжүүлж эхэлсэн билээ. Аялал жуулчлалын салбарынхан, ялангуяа хотын аялал зохион байгуулдаг компанийнхан үүнийг цагаа олоогүй, яаруу шийдвэр хэмээн шүүмжилж буй. Үзэж харах зүйл угаас багатай, ариун цэврийн байгууламж, зам, дэд бүтцийн хүртээмжээс эхлээд орчны, аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүй байж үйлчилгээний тарифаа гурав дахин нэмсэн нь зохимжгүй гэж тэд үзэж буй юм. Хэдий гандангийнхан компаниудад энэ талаар урьдчилан мэдэгдэж, холбогдох байгууллагынхантай санал солилцсон гэх ч тур операторуудтой нэгдсэн байдлаар зөвшил¬цөөгүй, мэдээллээ хүртээмжтэй түгээгээгүй, дээрээс нь жуулчлалын улирал хаяанд ирсэн үед тулгамдуу шийдвэр гаргасан хэмээн буруутгаж байна. Түүнчлэн хийд орчмын зарим газарт засвар, тохижилтын ажил хэсэгчлэн хийж эхэлсэн нь жуулчдын тав тух, сэтгэл ханамжид нөлөөлж буйг ч хөндөх болсон. Зарим нь “Эхлээд засвар, тохижилтоо хийгээд, жуулчин хүлээж авахад яг таг бэлэн болчхоод үнээ нэмэх хэрэгтэй” гэж буй. Бид жуулчдад үүдээ нээж, үнээ нэмсэн Гандангийн одоогийн нөхцөл байдлыг фото сурвалжилгаар харуулахыг зорилоо. Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээний үнэ тарифыг нэмсэн тухай албан бичигт “Тус хийдэд жуулчдыг хүлээн авах үйл ажиллагаатай холбогдуулан...”, “аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор...” гэхчлэн тусгасан нь тус байгууллага жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж буй мэт ойлголт төрүүлж байна.