Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал энэ сарын 20-нд манай улсад болох гэж байна. Тус холбоо нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2011 оны гуравдугаар сарын 2-нд Туркийн Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар анх байгуулагдсан аж. Өдгөө дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллеж гишүүн нь болж тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Манай Дотоод хэргийн их сургууль (ДХИС) тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр нь сонгогдсон юм. Энэ хуралд уг холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Турк, Саудын Араб, Катар, Мальдив, Индонез, Беларусь, Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Энэтхэг болон Умард Македоний цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцохоор болжээ. Хурлаар Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд болох 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг нь тогтоох, энэ онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээллийг хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэх аж.