Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хоёрхон нуур байдгийн нэг нь Гүнжийн нүдэн нуур. Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт оршдог тус нуур нь 2.2 га талбайг хамардаг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтой, ус нь гүнээсээ ундардаг гэдгээрээ онцлогтой.
Тухайн бүсэд хот тохижилтын ажил эрчимтэй хийсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд эл нуурын талбай хашаа, цементэд шахагдан, усны ундарга нь багасаж, хэзээ мөдгүй ширгэх аюултай тулгарчээ. Гүнжийн нүдэн нуурт өмнө нь галуу, нугас, хун зэрэг усны шувууд зусдаг байсан бол цагийн аясаар эзгүйрч, өвс ургамал нь гандан, ус нь бохирдсоноос ногоон замаг их хэмжээгээр тогтжээ.
Тус нуурыг хамгаалах асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах зорилгоор Усны газар, Туул голын сав газрын захиргаа, “Бид Туул голынхон” төрийн бус байгууллагынхан хамтран “Гүнжийн нүдэн нуураа хамгаалъя” сэдэвт хүүхэд багачуудад зориулсан, танин мэдэхүйн арга хэмжээг энэ сарын 7-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нуурын эрэгт байрлах “Бяцхан найз” номын санд болох бөгөөд иргэд энэ үеэр шинэ, хуучин, гадаад, дотоодын бүх төрлийн ном, сэтгүүлийг хандивлах боломжтой. Уг арга хэмжээг зохион байгуулагчид “Үр хүүхдүүд, ирээдүй хойчийнхоо төлөө Гүнжийн нүдэн нуураа, гол усаа, рашаан булгуудаа, бохирдож, ширгэхээс хамтдаа хамгаалцгаая” хэмээн уриалав.
Ц.Цэнд-Аюуш