2025 оны зургаадугаар 2-ны 17.20 цаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төс¬лийг танилцууллаа. Тэрбээр үүссэн нөхцөл байдал нь хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа зам дээр буйг онцлоод “Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 орчим жил байсан, цаашид үүнийг хэрхэн өөрчлөх вэ, тогтвортой засаглалыг яаж авч үлдэх вэ гэдэг нь 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх түүхэн ач холбогдолтой” гэв. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авсны дараа түүнд итгэл хү¬лээлгэх, эсэх талаар байр сууриа илэрхийлснийг заримаас нь сийрүүлье.
Б.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн): -Улс төржилтийн золиос нь ард түмэн, эх орон болчихлоо. Хожиж байгаа бүлэг нь авлигачид. Байгаа баялгаа яаж хамгаалах, хэрхэн зөв зарцуулах вэ гэсэн хоёр асуудал тулгарлаа. Шинээр сонгогдсон 81 гишүүн ард түмнийхээ талд ажиллаасай гэж хүсэж байна. Та баялагтаа эзэн байх бодлогоо үргэлжлүүлнэ биз дээ?
Л.О-Засгийн газар боломжит, хамгийн дээд потенциалаар ажиллаж, 20 жил гацсан төслийг хө-дөлгөсөн өдрөө огцрох болчихлоо. Бодит байдал ийм л байна. Зарим гишүүн “Хамтраад хийх ёстойгоо хийчихсэн биз дээ” гэж байна. Хийх ажил маш их. Харамсалтай санагдаж байна. “2027 онд нэр дэвшихэд нас чинь хүрэхгүй шүү дээ, наад ажлаа өгөх нь зөв” гэх нь ч байлаа. Харамсалтай нь, шинэ урсгалтайгаа мөргөлдчихлөө. Цагийн зүүг нэлээд хойшлуулах өгөөшинд орчихлоо. Дэвшилттэй явж байсан улс төрийн нөхцөл байдал өөр тийшээ хэлбийлээ. УИХ-д нэр дэвшигчийн жагсаалт дахиад ингэж явахгүй. Хуучны хүмүүс л орж ирэхээр болчихлоо. Энэ бүхэн биднээс өөрсдөөс маань болсон. Итгэдэггүй юм байна. Албан тушаал төвөгтэй юм. Энэ суудалд суухаар муухай харагддаг бололтой.
Ж.ЗОЛЖАРГАЛ (УИХ-ын гишүүн): -Ерөнхий сайдын итгэл хүлээлгэх тухай албан бичигт парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх гэсэн байна. Парламент хэзээ бэхжих вэ. Асуудлыг ярих цаг нь болсон гэдэг итгэл үнэмшлээр би Ерөнхий сайдыг огцрох шаардлагатай гэдэгт гарын үсэг зурсан гэв.
С.ЭРДЭНЭБАТ (УИХ-ын гишүүн): -10 сарын өмнө бид парламентын түүхэнд 23 цаг хуралдаж, шөнө дүл хүртэл хэлэлцэж байж хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Жил хүрэхгүй хугацаанд ингээд сууж байгаа нь харамсалтай. Эх орны эрх ашгийн төлөө нэгдэж нийлж болохоо байсан гэж бодохгүй байна. Шинээр орж ирсэн гишүүдээс үгэнд ордог нь их цөөхөн. Хамтарсан мөрийн хөтөлбөрөө батлаад удаагүй. Энэ мөрийн хөтөлбөрийн 50 орчим хувь нь МАН, үлдсэн нь АН, ХҮН болон бусад намын саналд үндэслэсэн. Баялгийн зодооноос болоод монгол төрийн тогтвортой байдал яригдаж байна.
Л.О- Тиймээс хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ-д оруулж ирж байгаа юм. Монголд болохгүй зүйл зөндөө бий. Тууштай, төлөвлөгөөтэй явж байж л зорьсондоо хүрэхээс биш, тогтворгүй байдал сайн зүйл авчрахгүй. Нийслэлд явуулж байгаа төслүүдийн үр дүнг ядаж үзчих хэрэгтэй.
-П.НАРАНБАЯР (УИХ-ын гишүүн): -ХҮН нам Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө хамтдаа зүтгэсэн. Холимог тогтолцоогоор сонгогдсон учраас өгсөн саналаа “амилуулж”, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэж бодсон. Ерөнхий сайд таны хэлсэн улс, эх орны эрх ашиг нэгдүгээрт, намуудынх хоёрдугаарт гэж байсан нь бидэнд их нөлөөлсөн шүү. Гашуунсухайтаас буцаж ирэхэд дараагийн Ерөнхий сайдыг шийдчихсэн байсан гэлээ. Яг юу болоод байгаа талаар та хэлээч.
-Тийм зүйл яригдсан нь бодитой. Нам харгалзахгүйгээр кабинетын зарчмаар ажиллах ёстой. Кабинетын гишүүд Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байгаа дүр зургийг та бүхэн бүгд харж байна. Энэ их төвөгтэй. Ерөнхий сайд өөрөө хүссэн хүнээ ч томилж чаддаггүй. Кабинет дотроос л энэ асуудал анх үүссэн. Бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй очиж уулздаг. Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. Засгийн газар парламент дотроосоо огцорсон тохиолдол цөөн. Нийгэм талаасаа ч огцорсон тохиолдол бага. Үл ойлголцол олон талаас бий болдог. Эрх ашиг, албан тушаал бодсон хүмүүс “самардаг”, буруу зөрүү мэдээлэл дамжуулдаг. Үүнийг нэг талд нь гаргахгүй бол гүйцэтгэх засаглал энэ хэвээрээ л байна. Тогтолцооны асуудлыг шийдэхгүйгээр энэ хямралаас гарахгүй. Өнгөрсөн хугацаанд үүссэн үл ойлголцол хувь хүнээс болоогүй. У.Хүрэлсүх дарга бид хоёрын дунд хувь хүн талаасаа ямар ч асуудал байхгүй.Дунднь зохионбайгуулдаг тусгайалбад байна. Ер нь бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, эсвэл парламент дангаараа ард түмнээс сонгогддог цорын ганц субъект байх ёстой. Нэг л гүйцэтгэх засаглалтай байх ёстой. “Муу нуухаар сайн илчил” гэдэг шиг ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчид парламентыг өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Манай улс хоёр гүйцэтгэх засаглалтай ч юм шиг асуудал байна.
Д.БАТЛУТ (УИХ-ын гишүүн): -Хамтарсан Засгийн газрыг дэмжих, итгэл үзүүлэх тухай ярьж байна. Гэтэл хамтрал байхгүй болчихсон. АН засгаас гарна гэдгээ мэдэгдсэн, найман сайд нь өргөдлөө өгчихсөн. Одоогийн нөхцөл байдал ойлгогдохгүй байна. Хамтрал байхгүй бол бүх юм үгүй болчих юм шиг мессеж түгээлээ гэсэн санал хэлсэн юм.
Ч.НОМИН (УИХ-ын гишүүн): -Зарчмын хувьд санал, асуулгыг нээлттэй явуулах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Цар тахал, дайн, худалдааны зөрчил зэрэг олон асуудалтай байхад бид эдийн засгаа хоёр дахин өсгөж чадсан. Ард иргэд баялгийн сангаа “амь оруулж” ажиллахыг шаардаж байна. Тогтвортой байдлыг үргэлжлүүлэх нь зүйтэй. Улс төрийн ойлгомжгүй байдал засаглал цаашлаад эдийн засгийн хямрал үүсгэвэл яах вэ. Ард иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн их хохирно гэв.
П.ГАНЗОРИГ (УИХ-ын гишүүн): -Монголын төр засаг тогтворгүй хэврэг явсаар ир¬лээ. Засгийн газрын “дундаж нас” 1.8 жил. 17 дахь Ерөнхий сайдтайгаа ажиллаж байна. Үүнд хэн хожив. Ард иргэд л лав биш. Гадаад, дотоодынхны том ашиг сонирхол байсаар ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд тогтолцооны өөрчлөлт хийх гэж ХҮН нам хамтарч ажиллалаа. Үр дүн нь эхнээсээ гарч байгаа, гадаад, дотоодоос хөрөнгө оруулах боломж нээгдэж байхад Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал яригдаж буй нь утга агуулгын хувьд уялдаагүй харагдах юм. Хэрэв хамтарсан Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газар тогтвортой явна гэдэгт эргэлзэж байна. Засаглалын хямрал руу орох эрсдэлтэй. Үүнд та байр сууриа илэрхийлээч.
-Шийдэл гаргах амархан. Үүний дараах үр дагаврыг засах гэж олон жил зарцуулах болов уу. Бусад улс орны жишиг ч ийм. Энэ албан тушаалд хоргодож, асуудал гарангуут нь бүх хүнд нялзааж, бэмбэгнэсэн юм огт байхгүй. Дараагийн гарах үр дагаварт л санаа зовж байна. Тиймээс тал талаас нь ярьж, хамтын шийдвэр гаргая гэсэн юм.
С.ЦЭНГҮҮН (УИХ-ын гишүүн): -Би “Огцрох амархан” жагсаалд очиж гарын үсэг зурсан гишүүний нэг. Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч “Орлогоо нотол” гэдэг шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Монголын нийгмийн оюун санаа гэж хэлэгддэг хүмүүс өөрийг тань асар ихээр эсэргүүцдэг. Шалтгаан нь юу вэ гэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг та зөвлөхөөрөө ажиллуулсан. Түүний баримталдаг улс төрийн бодлогуудтай адилхан байр суурь илэрхийлдэгт тань дургүйцдэг. Та чөлөөт зах зээл, хувийн өмчийг хамгаалж чадах хүн мөн үү?
-Х.Баттулга гэж хүнтэй харддаг гэх юм уу, тийм асуудал улс төрийн хүрээнд их явдаг шиг байгаа юм. Хэрэв тэр хүний бодлогыг дэмждэг бол Ерөнхийлөгч байхад нь хамтрах байв. Би Ерөнхийлөгч байсан хүмүүсийг парламентад орж ирэхийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. Ц.Эл-бэгдорж, Х.Баттулгыг жагсаалтад оруулахгүй шүү гэдэг шаардлагыг намын дарга нарт хэлж, гар барьж байсан. Харамсалтай нь, ийм асуудал болсон. Харин би 2019 онд баримталж байсан байр сууриасаа өөрчлөгдөөгүй.
Ж.БАЯСГАЛАН (УИХ-ын гишүүн): -МАН-ын Бага хурал дээр таны хэлсэн “АН-гүйгээр цааш явъя” гэсэн бичлэг олон нийтэд түгсэн. Энэ таны хэлсэн үг мөн үү. Түүнчлэн Ухаа худаг, М-Си-Эс-ийн талаар ярьснаар асуудал гарч ирлээ гэж ойлгоод байна. Миний ойлгосон нь зөв үү. Тодорхой хариулт өгөөч.
-“Энержи ресурс” компанитай холбоотой эрх ашиг зөрчигдсөн нь үнэн. Ухаа худагтай холбоотой асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдсан байна лээ. Хамтарсан Засгийн газрын сайн болон сул талынх нь талаар зөндөө ярьсан. Тэр хэсгийн бичлэгийг аваад тавьсан. АН-ын хуралд орсны дараа бас нэг бичлэг тавигдсан. Тэр бас дэмий л зүйл. Төрийн ажил цаасан дээрээс л дүгнэгдэх ёстой. Ярианаас биш. Энэ бүх зүйл протоколд л үлдэнэ.
Ш.БЯМБАСҮРЭН (УИХ-ын гишүүн): -Миний хувьд бүлгийн шийдвэрээ дагана. Санал хураалтад оролцохгүй. Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдэг байр суурьтай байгаа. Талбайд жагсаж байгаа залуусын бухимдал бол таныг сүүлийн таван жил Ерөнхий сайдаар ажиллахад эдийн засаг, нийгмийн салбарт уналт, хямрал үүссэнтэй холбоотой. Ийм асуудал ярьж байгааг танд сануулж хэлье. Таны удирдаж байсан Засгийн газар бодлогын хувьд хангалттай сайн байгаагүй. Төр данхар байна. Төрийн өмчит компаниудын мэдээлэл ил тод нээлттэй биш, цомхон байлгана, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэж хэлснээсээ яг эсрэг бодлого явуулж байгааг тань олон нийт ойлгохгүй байна. Намын Бага хурлын үеэр АН гэрээгээ ноцтой зөрчсөн гэснээр засгаас гарах шийдвэрт хүргэсэн хүн нь та өөрөө. Гэтэл өнөөдөр “АН маш сайн ажилласан, талархаж явдаг” гэлээ. Ер авцалдахгүй байна. Гишүүд маш тодорхой асууж байхад гөлөг төөрүүлж буй мэт хийсвэр зүйл рүү аваачиж, үр дүн нь айлгах, сүрдүүлэх маягтай яваад байна. Нийгэмд бухимдал үүсгэсэн, таны хэлсэн үг бий. Та хэнийг “ялаа” гэж хэлсэн юм бэ?
-Гуйвуулаад байгаа болохоос биш, би ард түмнээ хэлээгүй. Улс төрийн ашиг хонжоо хайж, нөхцөл байдлыг өөрөөр эргүүлэх гэж байгаа улс төрчдийг хэлсэн. Нүүр тулж ярьж үзээгүй байж хувь хүний талаар дүгнэлт хийх сайн зүйл биш. Нийгмийн даатгал, татвар гээд болохгүй асуудлуудыг би мэдэрч байгаа.
М.НАРАНТУЯА-НАРА (УИХ-ын гишүүн): -Үг, үйлдэл нь өдөр, шөнө шиг ялгардаг хүмүүсийг би энд хараад сууж байна. Өнөөдөр нэг хүнээрээ туг тахиад өөрсдөө ариухан гэгээхэн дүртэй ард нь үлдлээ. Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд ялалтын баяраа тэмдэглэхээр ууж идээд явцгааж байна. Хажуугаар нь гарахаар архи, дарс сэнгэнүүлсэн өчнөөн хүн таарлаа. Энэ байдлаараа хэдэн жилийн дараа дундаж давхарга үгүй болно. Монголын баялгийг хуу хамагчид болон тэднийг тэжээгч иргэдтэй байх нь. Монопол, мафиудтай тэмцсэнийхээ горыг Ерөнхий сайд өнөөдөр амсаж байна. Ил санал хураалт явуулах нь зарчмын асуудал гэв.
У.ХҮРЭЛСҮХ: АРД ТҮМНЭЭ ИНГЭЖ ТАЛЦУУЛЖ, ШАР МАХТАЙ НЬ ХАТААЖ БОЛОХГҮЙ
2025 оны зургаадугаар сарын 3-ны 00.30 цаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ таван жилийн хугацаанд бүх талаар дэмжиж ажилласан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд зовлонг нь сайн мэднэ, амархан ажил биш. Хувь хүний асуудлаар хөндөж ярихыг хүсэхгүй байна. Зарчмын зарим зүйлд хариулт өгье. Нэгдүгээрт, хүн засаглахгүй ээ, хууль засаглана. Ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ хэлсэн энэ үгэндээ би өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ямар хүн Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалд шилжих ёстой гэж ярьж хэлээд байгааг ойлгохгүй байна. Улс төрд ороод 30 гаруй жил боллоо. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Парламентыг улам боловсронгуй болгохын төлөө өөрийнхөө он жилүүдийг зориулсан. Бүх эрх мэдэл Засгийн газар луу шилжсэн. Ерөнхий сайд танхимын гишүүдээ хэн нэгний хамааралгүйгээр томилдог, чөлөөлдөг болсон. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан АТГ-ыг гүйцэтгэх засаглал руу шилжүүлсэн. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх субъект юм байна. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог учир парламенттайгаа ижил түвшинд байдаг. Манай нөхцөлд Ерөнхийлөгч дээд танхимын үүрэг гүйцэтгэдэг. Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулж, шүүгчийг томилдог байсан. Өнөөдөр ийм эрх мэдэлгүй болсон. Төрийн тэргүүн хэн нэгнийг дарамтлах боломж байхгүй. Ерөнхийлөгчийн хүч чадал бол ард түмний итгэл, сонголт. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр сунгахгүй. Тийм давхар стандарт байж болохгүй.
Хоёрдугаарт, баялгийн санг Ерөнхийлөгч санаачилсан юм. 2019 онд Үндсэн хуульд “Үндэсний баялгийн сан байгуулна” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монголын газрын баялаг ард түмний өмч байх ёстой. Хулгайлсан этгээд буцааж өгөх ёстой. 2018 онд Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг “Норвегт очиж баялгийн санг судлаад ир” гээд явуулсан. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл бол төрийн тэргүүний болон та бүхний үйл ажиллагааны гурван зарчим.
Сүүлийн 20 хоног харлаа. Гудамж, талбайд юу болж байгааг та бүхэн харж байгаа. Залуучууд 20 гаруй хоног жагслаа. Маш тодорхой шаардлага тавьж байна. Шударга ёс, хариуцлагыг хатуу шаардаж байхад хараагүй, сонсоогүй юм шиг, шал анги юм яриад байх юм. Ард түмний тавьж буй шаардлагад парламент хариулт өгөх хэрэгтэй. Би амьдралдаа дөрвөн удаа албан тушаалаа өгч байлаа. Удирдагч хүн олон нийтийн эрх ашиг, ард түмний эв нэгдлийг тэргүүн зэрэгт тавих ёстой. Өөрийн өчүүхэн албан тушаалд битгий шигд. Ухрах үедээ ухардаг чадвартай байх ёстой. Дээр нь ард түмнээсээ уучлалт гуйдаг чадвартай байх хэрэгтэй. Хариуцлага алдсан бол үүрэх ёстой. Үнэнээ хэлдэг, худлаа ярьж, хуурч мэхэлж болохгүй. Ард түмний нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнд манай албан тушаалтнууд анхааралтай хандах ёстой. Би албан тушаалаа хэзээ ч бусдад худалдаж байгаагүй. Улс орноосоо хулгай хийж байгаагүй. Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныханд 50 сая воноор зарж байгаагүй. Таван нам дамжиж амьдраагүй. Эхнэрээ солиогүй, намаа солиогүй, нөхдөөсөө урваагүй. Би эх орондоо хайртай. Эцэст нь, Төрийн тэргүүн ард түмнээсээ сонгогдсон, иргэдийнхээ талд бат зогсоно. Олон зуун залуус хүсэл сонирхлоо илэрхийлж, эрх чөлөөгөө эдэлж, шударга ёсыг эрэлхийлж байна. Хамтарсан Засгийн газар харамсалтайгаар өндөрлөж байгаад харамсаж байна. Энэ Засгийн газар яагаад тарсныг та бүхэн мэдэж байгаа. Үүний шалтгааныг надаас биш, Ерөнхий сайдаас асуу. Ард түмнээ ингэж талцуулж, шар махтай нь хатааж болохгүй” гэв.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авснаар чуулган 40 гаруй минут завсарласан юм.
Д.АМАРБАЯСГАЛАН: ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДААГҮЙ ТУЛ ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦОРСОНД ТООЦОВ
03.40 цаг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хураалтад оролцохгүй гэсэн шийдвэрийг дахин танилцуулж, бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхин гарав. Үүний дараа нууц санал хураалт зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, М.Сарнай, Л.Энхнасан, О.Батнайрамдал, Э.Болормаа, Д.Батлут, А.Ариунзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тогтоол гаргалаа. Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн, тооллогын комиссын дарга М.Нарантуяа-Нара уншиж танилцуулсан юм.
Нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 53.6 хувь буюу 44 нь Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг зөвшөөрсөн бол 46.4 хувь буюу 38 нь татгалзлаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх боломжтой байсныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, тогтоолын төсөл батлагдаагүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцох тухай тогтоол батлагдсанд тооцлоо. Уг тогтоолоор, шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэхийг Л.Оюун-Эрдэнэд даалгав.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр “Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмэндээ зүтгэсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч, олон нийтийн хүсэл эрмэлзэл тогвортой байдлыг хүсэж байсан. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг, сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй” гэв. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн явуулсан бодлого, үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж, олон жил гацсан том төслүүдийг урагшлуулсан нь Засгийн газрын түүхэн үйл хэрэг гэдгийг тэмдэглэн амжилт хүссэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.