Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхныг чадавхжуулах мэргэжлийн боловсролын сургалтын төвийг өнгөрсөн долоо хоногт нээгээд буй. Үүнтэй холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос Монголын жуулчин тээврийн холбоог байгуулж, аялагчдын аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Тус холбоо байгуулагдаад хамгийн түрүүнд шийдсэн асуудал нь жуулчин тээвэрлэгч автомашинуудыг өнөө жил хязгаарлалтгүй зорчуулах аж. Жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах нэрийдлээр өнгөрсөн жилээс эхлээд насжилт өндөртэй буюу хэт хуучирсан автомашинуудыг тээврийн үйлчилгээ эрхлэхийг хориглох болсон юм. Энэ жил гэхэд 2012 оноос өмнө үйлдвэрлэсэн, 13-аас дээш настай машинаар жуулчин тээвэрлэхийг хориглосон. Тэгвэл Монголын жуулчин тээврийн холбооныхон аялал жуулчлал, авто тээврийн холбогдох байгууллагынхантай удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсны дүнд энэ хязгаарлалтыг цуцлуулжээ. Жуулчдад аюулгүй, бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр үйлчлэх нь чухал ч жолооч хариуцлагатай, мэргэшсэн байх нь илүү чухал, манайх шиг зам, дэд бүтэц тааруу, хуучин автомашин зах зээлд давамгайлдаг улсад одоохондоо ийм шийдвэр хэрэгжүүлэхэд зохимжгүй гэж үзжээ.
Н.Мишээл