Мал төллөлт улсын хэмжээнд 17.5 хувьтай байна. Тодруулбал, энэ оны эхний улиралд 4.7 сая толгой мал төллөжээ. Үүнээс 2.1 сая хонь хургалж, 2.4 сая ямаа ишгэлэн, 16.8 мянган ингэ ботголсон аж. Мөн 104.9 мянган үнээ тугалсан бол 19.7 мянган гүү унагалжээ. Төл мал 2024 оны мөн үеийнхээс 1.3 саяар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Одоогоор 2.4 сая хурга, 2.1 сая ишиг, 102.5 мянган тугал, 19.4 мянган унага, 16.6 мянган ботго эрүүл бойжиж байгаа гэнэ.
Мөн бог, бод малын зүй бус хорогдол 2025 оны эхний улиралд улсын хэмжээнд 83.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 саяар буурчээ. Энэ нь нийт малын 0.15 хувийг эзэлж буй дүн гэв. Үүнээс ямаа 34.9, хонь 30.7, үхэр 10, адуу 8.1 мянгаар, тэмээ 156 толгойгоор хорогдсон аж.
Нийт хорогдсон малын 36.6 хувийг хонь, 41.6 хувийг ямаа эзэлж. Аймгаар нь авч үзвэл Ховд, Баян-Өлгий, Увс, Дорнод, Хөвсгөл, Архангай, Завханд малын хорогдол өндөр хувьтай гарчээ. Үүний дотор 19.4 мянган эх мал хорогдсоныг статистикчид хэллээ.
О.Ундрах