Нийслэлийн ИТХ-ын III хуралдаанаар Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур, хийн түлшний төхөөрөмж суурилуулах болон хэрэглээнд нь үнийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
2025 онд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51 мянга гаруй айл өрхийн судалгааг гаргасан бөгөөд үнийн хөнгөлөлтийг аравдугаар сарын 1-нээс ирэх жилийн дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал долоон сарын хугацаанд олгохоор төлөвлөжээ. Тодруулбал, аравдугаар сард 50 мянга, арваннэгдүгээр сард 100, арванхоёрдугаар сард 200, нэгдүгээр сард 250, хоёрдугаар сард 100, гурав, дөрөвдүгээр сард тус бүр 50 мянга гээд нэг өрх нийт 800-900 мянган төгрөг хүртэл урамшуулал авах юм байна.
Ногоон бүсэд байгаа Сонгинохайрхан дүүргийн 23, 21, Баянголын ес, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 10 850 өрх цахилгаан халаагуурт шилжих бол хийн халаагуурт Сонгинохайрханы найм, ес, 11 28, 30, 39, 43, Баянголын 16, Сүхбаатарын 12, 13, Баянзүрхийн 29, Чингэлтэйн долоо, найм, ес, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооныхон, мөн байгалийн хий ашиглах Баянзүрхийн хоёр, 21, 27, 30, 31 дүгээр хорооны нийт 40 234 айл байна.
Л.Ням