“Айл бүрээс хүчээр мөнгө хураадаг 18 телевизээр нэгэн зэрэг гаргаж байгаа нэвтрүүлгүүд тархи угаалт шүү. Яг л дарангуйллын замаар яваад байна. Сэрэмжлэгтүн” гэж УИХ-ын гишүүн А.Ундраа цахим орчинд энэ сарын 17-нд бичиж, олон нийтэд анхааруулсан юм. “Үндэсний баялгийн сан” хэмээх нэвтрүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөн нэвтрүүлгийн бүх телевизээр цацаж, “Таны банкны дансанд жил бүр 10 сая төгрөг байршуулна” гэдэг суртал ухуулгыг Засгийн газраас хийсэн нь олон нийт төдийгүй УИХ-ын гишүүнийг ч бухимдуулсан хэрэг.
“Чөлөөт хэвлэлтэй улс орны сэтгүүлчид төрийн мэдээллийг нягтлан шалгаж, үнэн бодитыг нь дамжуулах ёстой. Түүнээс биш хэвлэлийн албадынх нь бэлтгэж боловсруулсан, олон нийтийг төөрөгдүүлж, тэдний санаа бодлыг ямар нэгэн байдлаар өөр тийш нь чиглүүлэх зорилготой, далд пиарын шинжтэй мэдээллийг шууд дамжуулах ёсгүй. Манай сайд, дарга нар пиар мэдээгээ “угаагаад”, янз бүрийн контент хэлбэрээр хэвлэлд шахаж байна. Үүнийг олон нийт үнэн гэж хүлээж авахаас өөр сонголтгүй. Энэ бол ардчиллын зарчим, шударга ёс алдагдаж байгаагийн нэг хэлбэр” гэж МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор С.Амартүвшин хэлж байв. Түүнчлэн Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах “Төрийн байгууллагууд зөвхөн нэг урсгалаар, өөрсдийн бэлтгэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд дамжуулж буйн цаад зорилго нь цензур тогтоох гэж оролдож буй нэг хэлбэр юм. Ийм тавилттай мэдээлэл цацаж, нийгмийн сэтгэл зүйг удирдах гэж оролддогоо болих хэрэгтэй” гэсэн юм.
Эрх баригчдын ийм үйлдэл ганц удаагийнх биш. Пиарын баг нь иргэдийн тархийг угаах зорилготой контентуудыг өөрсдөө үйлдвэрлэж, түүнийгээ өргөн нэвтрүүлгийн бүх телевизээр цацах нь жирийн үзэгдэл болчхоод байгаа. Телевизүүд ч Засгийн газрын пиарын багийнхны, тархи угаасан нэвтрүүлэгт цагаа харамгүй зориулдаг нь төрөөс татаас авдагтай нь холбоотой. Түүнчлэн Засгийн газар нэвтрүүлгээ гаргахдаа татвар төлөгчдийн мөнгийг телевизүүдэд нэмж өгдөг байж болзошгүй юм.
Тодруулбал, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу татвар төлөгчдийн мөнгийг хувийн арилжааны телевизүүдэд өгдөг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Ингээд байвал хуулийг хүчингүй болгоно. Дарангуйлал тогтлоо” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Түүнчлэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг цуцлуулах, үгүй бол өөрчлөлт оруулна гэсэн байна. Тэрбээр Х сүлжээнд өчигдөр “Энэ “хуйвалдаан”-ы хууль нь телевизүүдийн хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж байна. Үүгээр зогсохгүй иргэдийн мэдэх эрх, олон талын мэдээлэл авах эрхэд ч халдаж буй юм” хэмээн бичжээ.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.1-д төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээр заасан байдаг. “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг алслагдсан, сүлжээ хүрээгүй газрын ард иргэдэд хүртээмжтэй хүргэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр, үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих” зорилгоор телевизүүдэд дэмжлэг олгохоор дээрх сангийн журамд заажээ. Энэ нь Засгийн газрын тусгай сангуудын нэг бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлдэг. Түүнчлэн иргэд IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүдэд сар бүр 2500 төгрөгийн хураамж төлдөг билээ.
М.Оч