Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний судалгааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамныхан өчигдөр танилцууллаа. Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр илүү оновчтой, хэмжигдэхүйц арга хэмжээ авахад чиглэснийг зохион байгуулагчид онцолж байв.
Энэ үеэр Оксфордын их сургуулийн кибер аюулгүй байдлын судлаач Луис Аксон “Олон улсын кибер аюулгүй байдлын чадавхын төвөөс тухайн орны кибер аюулгүй байдлын түвшнийг тодорхойлох загварчлал зохиосон. Үүний хүрээнд бид энэхүү судалгааг хийлээ. Өөрөөр хэлбэл, тухайн улсын өнөөгийн нөхцөл байдал болоод дараагийн шат руу дэвшихэд тэргүүлэх асуудлуудыг шийдэх, санал, зөвлөмж боловсруулах зорилготой. Ингэхдээ стандарт ба технологи, бодлого, стратеги, хууль, эрх зүйн зохицуулалт, мэдлэг чадвар, соёл ба нийгэм зэрэг үндсэн таван хэмжүүрээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэв. Улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга зам, заавар, зөвлөмжүүд боловсруулж, танилцуулж байна. Олон улсад тухайн орны кибер аюулгүй байдлын түвшнийг эхлэл, бүрэлдэж буй, бүрэлдэн тогтсон, стратегийн болон динамик зэрэг таван хэсэгт хуваадаг. Монгол Улсын тухайд бүрэлдэн тогтож буй ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл, бодлого, дүрэм журам нь цэгцэрч, салбар хоорондын уялдаа холбоо жигдрэх шатандаа явж буй ч хэрэгжиж байгаа, эсэх нь эргэлзээтэй гэсэн үг. Тиймээс цаашид Кибер аюулгүй байдлын тухай хууль, стратегийг илүү сайжруулж, шинэчлэх хэрэгтэй. Мөн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай” гэсэн юм.
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал С.Жавхлан “Судалгаагаар кибер аюулгүй байдлын бэлэн байдлыг таван түвшинд үнэлсэн байна. Дэлхийн цахилгаан холбооны ITO байгууллагын тайланд дурдсанаар Монгол Улс 100-гаас 56 оноо авч, дөнгөж “бойжиж” буй шатандаа явж байгаа гэж үнэлэгдсэн. Оксфордын сургуультай хамтарч хийсэн судалгааны үр дүн ч үүнтэй төстэй гарлаа. Нэг талаас бид асар хурдацтай цахимд шилжин, аливаа мэдээллийг амар хялбар олж авч, илүү шилэн, нээлттэй болгож буй ч тэндээс ямар нэгэн зүйл алдагдахгүй гэсэн баталгаа маш сул. НҮБ-ын олон улсын судалгаагаар Монгол Улс цахим хөгжлөөрөө 46-д бичигдсэн. Энэ нь асар хурдацтай байгаа хэдий ч аюулгүй байдлын индексээрээ хоёр дахин удаан буюу муу үзүүлэлт” гэв.
У.Цэцэг