Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн БНСУ-ын Донг-А их сургуулийн эмнэлэгтэй хамтран алсын зайнаас оношилж, эмчлэх зориулалттай Телемедициний төв байгууллаа. Эмнэлгүүд энэхүү төвөөр дамжуулан зүрх, судас, тархи, мэдрэл, хавдар болон төрөлжсөн мэргэжлийн бусад чиглэлд хамтарсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, эмч, мэргэжилтний цахим сургалт, семинарыг зохион байгуулах гэнэ.
Донг-А их сургуулийн түшиц эмнэлэг нь Бусаны анагаах ухаан, эрүүл мэндийн хамгийн том төв аж. Тэр дундаа зүрх, тархи, мэдрэл, нуруу нугасны мэс засал, яаралтай тусламж, хавдар, эрхтэн шилжүүлэх чиглэлээр мэргэшиж, магадлан итгэмжлэгдсэн, чанар, технологийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлэгч юм байна.
Ташрамд, бусаны засаг захиргаа, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага, Донг-А эмнэлгийн захирал тэргүүтэй албаныхан УГТЭ-тэй хамтран ажиллах олон талт санамж бичиг мөн байгуулав. Үүний хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, эхний ээлжид манай зүрх, судасны мэргэжлийн хоёр эмчийг ирэх сард Донг-А эмнэлэгт сургахаар болжээ.