УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдаж, АН-аас мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Манай нам сүүлийн найман удаагийн сонгуулийн долоод нь ялагдлаа. Өмнө нь бид ялангуяа нийслэлд олон санал авдаг, залуус ч их дэмждэг байв. Энэ удаад мөн л ялагдал хүлээсэн тул үүнийгээ хүлээн зөвшөөрч, дотооддоо анализ хийх, сонгуулийн системээ өөрчилж, шинэчлэх шаардлагатай болжээ. Цаашид АН сөрөг хүчний ажлаа илүү сайн хийнэ” гэж ярив.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 5.6 хувиар тэлж, өссөнийг нийтэд мэдээлсэн. Гэвч эсрэгээрээ эл хугацаанд хөдөө аж ахуйн салбарын ашиг, орлого 27 хувиар буурсныг АН-ын бүлгийн гишүүд онцолсон юм. Тэд “Хөдөө аж ахуйн салбарын уналт нь манай улсын эдийн засаг маш эмзэг болж буйг илтгэнэ. Иймд АН эдийн засгийн, мөнгөний бодлогыг сайжруулахад түүчээлж ажиллана. Мега төсөл, байгалийн баялаг гэх гоё нэрийн дор төр бизнес хийдэг байдлыг арилгана. Төрийн оролцоог ингэж бууруулахгүй л бол социалист эдийн засаг амилах гээд байна” хэмээлээ.
Ташрамд дурдахад, МАН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй.