Хилийн усыг ашиглах, хамгаалах тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Москва хотод болжээ. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс манай улсаас оролцсон байна.
Хоёр орны судлаач, мэргэжилтнүүд энэ үеэр дэлхийн нийт цэнгэг усны 20 орчим хувийг бүрдүүлдэг Байгал нуур, түүний гол цутгал болсон Сэлэнгэ мөрний нөөцийн менежмент, ашиглалт, хамгаалалтын асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Улмаар эдгээр нуур, мөрнийг тэжээн тэтгэдэг Эгийн голд усан цахилгаан станц байгуулснаар хүрээлэн буй орчны экосистем, усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах, үнэлэх хамтарсан ажлын хэсэг байгуулсан аж.
Тодруулбал, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын судлаачид он удаан жил яригдаж буй, “Эгийн голын УЦС” төслийн байгаль орчны нөлөөллийн талаар өмнө нь хийсэн судалгаа, үнэлгээний үр дүнг нэгтгэн дүгнэж, шаардлагатай тохиолдолд дахин хийхээр тохиролцжээ. Энэхүү ажлын журам, төлөвлөгөөг талууд ойрын хугацаанд хэлэлцэн тохирох гэнэ.