Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр "Оросын боловсролын үзэсгэлэн-2024" ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжилнэ. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, РЦНК-ийн захирал В.Кильпякова болон бусад албаны хүмүүс эл боловсролын үзэсгэлэнд оролцсон юм.
Элчин сайдын хэлснээр манай хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нь Зөвлөлт Холбоот болон Орос улсад бэлтгэгдсэн Монголын олон арван мянган мэргэжилтнүүдийг түшиглэн хөгжиж буй.
Мөн тэрбээр "Монгол улсын үндэсний эдийн засагт зориулан боловсон хүчин бэлтгэх тухай Монголын түншүүдийн хүсэлтүүдэд бид ихээхэн анхаарал хандуулдаг. Ирэх хичээлийн жилд зориулан ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын оюутан залууст 620 төсөвт тэтгэлэг дахин олголоо. Үүний зэрэгцээ ОХУ-ын хэд хэдэн хүчний яам, байгууллага тусгай сонгон шалгаруулалтыг явуулдаг. Мөн түүнчлэн Оросын томоохон компаниудын тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Бид ОХУ-ын их дээд сургуулиудад монголчуудыг сургах нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд оюутнуудаа эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургах гэсэн Монгол анд нөхдийнхөө хүсэлтийг харж үзэхэд бүх талаар бэлэн байна" гэдгээ онцолсон юм.
Үзэсгэлэнд оросын 20 шилдэг их дээд сургуулийн төлөөллүүд оролцож байна. Тодруулбал, Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль, Ю.А.Гагарины нэрэмжит Саратовын их сургуулийнхан иржээ. Тиймээс эл үзэсгэлэнг зорьж ирсэн хүүхэд, залуус нэгдүгээрт, Орос улсын Владивосток хотоос Москва хүртэлх байршилтай 20 их дээд сургуулийн тухай мэдлэгтэй болно. Хоёрдугаарт, Оросын их дээд сургуулийн багш нартай биечлэн уулзаж, зөвлөгөө авна.
Нээлтийн үеэр Эрхүүгийн их сургуулийн "Калина" ардын дууны оюутны чуулга болон "Шаги" оюутны бүжгийн хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулж, ирсэн олныг хөгжөөсөн юм.