Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болж, үүний хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Мөн хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, жишээ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөснийг салбарын сайд О.Алтангэрэл танилцуулав.
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө. Аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас нь боловсруулах нүүрс, кокс-химийн, зэс, ган үйлдвэрлэлийн, жонш баяжмал боловсруулах цогцолбор зэрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна гэлээ. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх, цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, туршилт, тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх аж.
О.ОРГИЛОХ