Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн Туркийн “Ажбадем” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. “Ажбадем” эмнэлгийн Олон улсын хэлтсийн Төв Азийг хариуцсан ерөнхий менежер Гүлрүх Картал, үений мэс засалч, профессор Арель Герели нар УНТЭ-т зочилж, ийнхүү хамтран ажиллахаар болжээ. Тус эмнэлгийн ерөнхий захирал, доктор Л.Бямбасүрэн “Хоёр эмнэлэг үений мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтэн сургах, харилцан туршлага судлуулах, ажлын байранд сургалт зохион байгуулах, дээд мөчид, гар, сарвууны мэс заслын шинэ технологи нэвтрүүлэх, мөн судалгааны чиглэлээр хамтран ажиллана” гэлээ.
Ташрамд, УНТЭ-ийнхэн сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа хөгжүүлэхэд түлхүү анхаарч буйгаа хэлсэн. Үүний хүрээнд Тайванийн Маккейн анагаах ухааны коллеж болон түүний дэргэдэх эмнэлгийнхэнтэй саяхнаас хамтран ажиллаж буй аж. Титэм судасны эмгэгийн олон талт оношилгоо, уушгины артерийн шинжилгээ зэрэг эмчилгээг нэвтрүүлэхээр тус эмнэлэгт эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах болжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Монгол, Тайванийн хамтарсан симпозиум II-Титэм судасны эмгэгийн олон талт оношилгоо” сэдэвт олон улсын уулзалт, сургалтыг ч зохион байгуулсан байна.
О.ОРГИЛОХ