Техник, технологийн хөгжил өдөр ирэх тусам хурдассаар буй өнөө цагт интернэт ашиглах нь бүү хэл үүрэн холбооны сүлжээнд ч холбогдоогүй баг манай улсад олон байна. Тодруулбал, Монгол орны алслагдсан 129 багт одоо болтол үүрэн утасны сүлжээ нэвтрүүлээгүй гэсэн үг. Эдгээр багийн иргэд, малчид зэргэлдээх сум руу явж, эсвэл сүлжээ “барьдаг” өндөр уулын оройд гарч ойр дотнынхонтойгоо холбоо тогтоон, ажлуудаа амжуулдаг аж. Тухайлбал, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Дарви, Дуут зэрэг сумын 10 баг үүрэн холбооны сүлжээгүй. Мөн Говь-Алтайн Төгрөг, Халиун, Тонхил тэргүүтэй сумын долоон баг мөн л утасны сүлжээнд холбогдоогүй гэнэ.
Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024-2025 онд алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ гэж мэдээллээ.
Үүний хүрээнд Ховдын найман сумын 10 цэгт, Баянхонгорт дөрвөн сумын тав, Говь-Алтайд долоон сумд, Говьсүмбэрт нэг, Дорноговийн хоёр цэгт гэхчлэн 16 аймгийн алслагдсан багуудад сүлжээ өргөтгөх, шинээр нэвтрүүлэх ажил хийх нь. Ингэснээр Монгол Улсын 941 547 өрх үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдох юм байна.