Татварын ерөнхий газрын нэгэн ажилтан өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаад халагдсан хүмүүстэй хамтарч, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бүрдүүлж өгсөн хэрэгт холбогдон шалгуулж байна. Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц энэ гэмт хэргийг өдүүлсэн зохион байгуулалттай бүлэг хүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ.
Татварын ерөнхий газрын ажилтан нь өөрийн эрхээрээ татварын байгууллагын системд нэвтэрч, НӨАТ-ын баримт шаардлагатай байгаа аж ахуйн нэгжүүдийг судлан, мэдээллийг нь хамтрагч нартаа өгсөн гэнэ. Хамтрагчид нь хуурамч аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, түүний өгсөн мэдээллийг ашиглан компаниудын удирдлагатай уулзаж татвар бага төлөх боломжтой талаар итгүүлдэг аж. Энэ аргаараа 300-аад аж ахуйн нэгжид 470 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий НӨАТ-ын баримт хий бичсэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн өгч байсан гэнэ.
Энэ хүмүүс 2018 оноос хойш үйл ажиллагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж, улсад төвлөрүүлэх татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан гэдгийг цагдаагийнхнаас гадна татварын байгууллагын эх сурвалжууд хэлэв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүйг мөрдөх болон прокурорын байгууллагынхан хэллээ. Тэднийг юуны түрүүнд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх заалтыг үндэслэн шалгаж байгаа юм.