Төв цэвэрлэх байгууламжийн хаягдлын улмаас Биокомбинат, Сонгинын гүүр орчмын Туул голд хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэх ажлын туршилт, техникийн тохиргоог хийхээр тухайн бүсэд тусгай тоног төхөөрөмж суурилуулснаа Усны газраас мэдээллээ. “Catfish” хэмээх нэртэй тус төхөөрөмжийг олон улсад ийм зориулалтаар түгээмэл ашигладаг бөгөөд цагт дунджаар 30 шоо метр хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай гэнэ. Өдөрт 10 цаг ажиллуулбал 300 шоо метр бохирдлыг цэвэрлэх боломжтой аж.
Цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй голын ёроолд үүссэн бохирдлыг манай улсад дэвшилт технологи ашиглан саармагжуулах гэж буй анхны тохиолдол нь энэ юм байна. Туршилт үр дүнтэй болбол Туул голын ёроолд он удаан жилийн турш хуримтлагдсан лаг хагшаас, шаврыг цэвэрлэх ажлыг нийслэлд өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөснийг Усны газрын дарга З.Батбаяр дурдлаа.
Ж.СУВД